ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДРИЙГ “ЗҮРХЭЭРЭЭ ХОЛБОГДЪЁ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 9-р сарын 29-ны өдөр “Дэлхийн Зүрхний өдөр”-ийг дэлхийн олон улсуудад тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлхийн улс орны иргэд нэгэн уриан дор нэгдэж, зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийг таниулж, тэдгээрээс хэрхэн татгалзах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар зөвлөж, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд “Зүрхээрээ холбогдъё” уриан дор нэгдэж нийт ард иргэд рүү чиглэсэн эрүүл мэндийн идэвхитэй үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагааны хүрээнд Зүрх судасны өвчний эрсдлийг тодорхойлох үйлчилгээг иргэдэд хийж, Дэлхийн зүрхний өдрийн талаарх мэдээлэл болон өдөр тутамдаа хэрэгжүүлэх эрүүл амьдралын дадал хэвшлийг анимейшин бичлэг, Америк улсын эмч, мэргэжлийн хоол зүйч Michael Greger-ийн зөвлөгөө болон хоол хүнсээ ухаалгаар сонгохыг уриалсан судалгаа шинжилгээний үндэслэл бүхий сонирхолтой мэдээллийг агуулсан зурган пост, зүрхээ хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгааны 8 төрлийн 3000 орчим гарын авлага материалыг түгээн сурталчиллаа.

Мөн тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн эмч нар зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний хавхлагын эмгэгтэй, зүрхний хэм алдагдалтай, зүрхний дутагдалтай иргэд, тэдний ар гэрийнхэнтэй цахимаар уулзаж шаардлагатай асуултанд хариулт зөвлөгөө өгч шинэлэг үйлчилгээг хэрэгжүүлж нийт 150 гаруй иргэнд мэргэжлийн эмчийн зөвлөгөө мэдээлэл өгөв.