УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД...

2021 оны 10 сарын 07-нд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болж байна.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны удирдлагууд, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөллүүд, Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олны төлөөллүүд оролцлоо.

Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү тоног төхөөрөмжүүдийн хөрөнгө оруулалт нь Коронавируст халдвар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах гол зорилтотой төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарын эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдрэлийн эмгэг, дүрс оношилгооны лавлагаа тусламжийн үйлчилгээний чадавх, чанар хүртээмж сайжруулахад нэн чухал ач холбогдол бүхий нийт 28 нэр төрлийн 262 ширхэг 5,7 тэр бум гаруй төгрөгийн өртөгтэй эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгдэж даруй шаардлагатай тусламж үйлчилгээнд ашиглагдаж байна.

Тухайлбал энэ хүрээнд тус эмнэлгийн яаралтай тусламжийн оношилгоо эмчилгээний чадавх сайжрахаас гадна, олон жилийн тулгамдсан асуудалын нэг болох хоол боловсруулах замын дурангийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хангагдсан. Мөн “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд тус эмнэлэгт дүрс дамжуулж мэдээлэл солилцох PACS төв байгуулагдсан. Энэ төв байгуулагдснаар 2020-2021 оны 10 сар хүртэлх нийт 31800 хүнд оношилгоо, шинжилгээний тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа юм. PACS төв ажиллаж эхэлснээр дүрс оношилгоо ялангуяа компьютер томографийн болон рентген, MRI шинжилгээний дүрсийг УГТЭ-ийн төврүү орон нутгийн эмнэлгээс дамжуулж зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломж бүрдсэн.