УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ХҮНД ХЭЛБЭРИЙН ГАЖГИЙГ СУДСАН ДОТУУР БИЕ ДААН ЭМЧИЛЖ БАЙНА

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээ, Зүрхний судасны мэс засал, Зүрхний эмгэг судлал, Мэдээгүйжүүлгийн эмч нарын хамтарсан Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн судсан дотуурх эмчилгээний баг өөрсдөө бие даан уушгины артерийн хавхлагийн хүнд хэлбэрийн нарийслийг судсан дотуур баллооноор тэлэх эмчилгээг 7 сартай хүүхдэд амжилттай хийлээ. Зүрхний төрөлхийн гажгийн улмаас уушгины артерийн хүнд хэлбэрийн нарийслаас шалтгаалсан баруун ховдлын даралт ихсэж, мэс заслын өмнө 80 mmHg байсан ба эмчилгээний дараа 40mmHg болтол бууруулж чадлаа.

Уушигны артерийн хавхлагын нарийсал нь баруун ховдолын даралт ихсэх зэрэглэлээс хамааран нэлээн хүнд зэргийн, тавилан муутай хүүхдийн болон төрөлхийн зүрхний эмгэгүүдийн нэг бөгөөд энэхүү баллоон катетер ашиглан тэлэх эмчилгээ нь орчин үед эрчимтэй хийгдэж буй дэвшилтэт эмчилгээний нэг чухал арга болох юм. Энэ нь нээлттэй мэс засалтай харьцуулахад эмчлүүлэгчид ямар нэг сорви үлдээдэггүй, эмнэлэгт хэвтэх хугацаа, хөнөөл багатай эмчилгээний арга тул өвчтөнд үзүүлэх ачаалал харьцангуй бага байдгаараа давуу байдаг.

Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн судсан дотуурх эмчилгээний баг хамт олон "аюулгүй, илүү үр дүнтэй эмчилгээ" хийх зорилгынхоо үүднээс хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний нотолгоо бүхий технологийг өдөр тутмынхаа тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байгаа юм.