УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН БАГ БҮРЭЛДЭХҮҮН ТУРШЛАГА СУДАЛЛАА

Эрүүл мэндийн сайдын Үндэсний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэг баруун бүсийн 4, хангайн бүсийн 3, төвийн бүсийн 1, нийт 8 аймаг, нийслэлийн 2 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах, нэн эрэлттэй эмч эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, дэмжлэгт удирдлага арга зүйгээр хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд 2022 оны 05 сарын 03, 04-ны өдрүүдэд тус эмнэлэг дээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн төлөөлөл тэргүүтэй санхүү, аж ахуй, эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээллийн технологи, эмнэлгийн чанар аюулгүй байдал, эм зүй сувилахуй, хүний нөөцийн албадын дарга нарын 17 хүнийн бүрэлдэхүүнтэй удирдлагын баг хүрэлцэн ирж, туршлага судлангаа хамтран ажиллалаа.

Баг бүрэлдэхүүн эмчилгээ оношилгооны стандарт, Upto-Date болон eHealth програмуудын хэрэглээ, ЭМДҮЗ-ийн 01 тогтоолын хэрэгжилт, нэхэмжлэлийн чанарын шалгуурын анхаарах асуудал, тусламж үйлчилгээнд нэвтэрч буй шинэ инноваци, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, аюултай хог хаягдлын менежмэнт, дотоод эмийн сан, эмийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах, эмч эмнэлгийн ажилчдын нийгмийн хамгаалал, үр дүн, ур чадварын урамшууллын тогтолцоо, үйлчлүүлэгчийн ээлтэй орчин зэрэг чиглэлүүдээр тус эмнэлгийн хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албадын албан тушаалтнуудтай харилцан туршлага солилцож хамтран ажиллалаа.