УГТЭ-ИЙН МЭС ЗАСАЛ, ТАРХИНЫ ХАРВАЛТ, ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН БАГ...

Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл Мэндийн Сайдаас төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв эмнэлгүүдэд өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зорилтот үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ удаа тус эмнэлгийн ерөнхий болон урологийн мэс засал, харвалт шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 05 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэгүүдэд мэс засал, харвалт, шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, эмч эмнэлгийн мэргэжилтний хүний нөөцийг газар дээр нь чадавхижуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, иргэд үйлчлүүлэгчдэд ерөнхий болон урологийн мэс засал, харвалт, шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор богино хугацааны томилолтоор ажиллаад ирлээ.

Томилолтын хугацаанд мэс заслын баг ходоодны карди хэсэг болон бага махиа хэсгийн шархлаанаас их хэмжээний хурц цус алдалтын улмаас хүнд зэргийн цус багадалтанд орж, бөөрний цочмог дутагдалд орсон, 3 удаа зүрх зогссоны дараах туйлын хүнд байдалтай, амьсгалын аппараттай 68 настай эмчлүүлэгчид Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн багтай хамтран яаралтай журмаар ходоодыг нээж, идэвхтэй цус алдалт бүхий шархнуудын цус тогтоох мэс заслыг амжилттай хийлээ.

Мөн тус аймагт суурилагдсан хэвлийн дурангийн мэс заслын аппаратыг ашиглан ажлын байран дээрх мэс засал сургалтыг хийж, ерөнхий мэс засал болон урологийн чиглэлээр нийт 25 өвчтөнд хамтарсан үзлэг оношилгоо хийж, яаралтай тусламж шаардлагатай 2 үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэлээ.

Тархины судасны допплерографын аппаратыг үйл ажиллагааг тогтворжуулах чиглэлд холбогдох эмч мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч, 11 хүнд хамтран допплерын шинжилгээ хийн, үзлэг зөвлөгөө өглөө.

Тархины цус тасалдах харвалтын үеийн бүлэн уусгах эмчилгээний протокол, эмчилгээний үеийн хяналтын талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

Зүрхний шигдээсийн чиглэлээр нийт 14 өвчтөнд зүрхний хэт авиан шинжилгээ хийж, титэм судсанд стент тавиулсны дараа ходоодноос цус алдсан хүнд зэргийн цус багадалттай өвчтөн, зүрхний хуучин шигдээстэй, титэм судасны стенттэй 6 өвчтөн, гемодиализид эмчилгээнд ордог бөөрний архаг дутагдал болон зүрхний архаг дутагдал хавсарсан 2 өвчтөн зэрэг нийт 20 гаруй өвчтөнд зөвлөгөө өгч, хамтарсан үзлэг хийж, зүрхний архаг дутагдлыг оношиллоо.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрхний эмч нарт зүрхний хэт авиан шинжилгээнд зүрхний баруун хэсгийн үнэлгээ, уушигны артерийн үнэлгээ, гол судасны хуулрал гэх мэт цочмог эмгэгийн үеийн нарийвчилсан үнэлгээ, зүрхний ишеми өвчин, зүрхний цочмог шигдээсийн үеийн ханын хөдөлгөөний үнэлгээ, зүрхний шигдээсийн үед бүлэн хайлуулах эмчилгээний протокол, зүрхний цочмог дутагдлын үеийн эмийн эмчилгээ, пароксизмт ховдлын дээрх тахикардийн үеийх аденозин болон бусад эмийн эмчилгээний сонголт протокол, зүрхний шигдээсийн оношилгоо, зүрхний шигдээсийн эхлэл үед бүлэн уусгах эмчилгээ хийх заалт, ач холбогдол, зүрхний шигдээсийн үеийн бусад эмийн эмчилгээ, тээвэрлэлтэнд анхаарах зүйлс болон MnCardio програм, тархины харвалт, тархины цочмог шигдээсийн үеийн менежмент, бүлэн уусгах эмчилгээ, MnStroke программын хэрэглээг идэвхжүүлэх талаар сургалт зохион байгууллаа.