УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Энэ үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн захирлын 2022 оны А/139 тушаалаар ISO 9001 стандартыг нэвтрүүлэх ажлын хэсгийг томилж, олон улсын стандартын шалгуурыг хангахад чиглэсэн 35 бүлэг, 44 зорилтот ажил бүхий дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажилласнаар өнөөдрийн байдлаар ихээхэн эерэг үр дүнгүүд гарч эхлээд байна.

Энэ хугацаанд эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх чадамжийн шалгуурыг тогтоож, гүйцэтгэлийн үнэлгээний ил тод шударга байдлыг хангуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад ажилтан нэг бүрийн санаачилга, идэвхи оролцоо нэмэгдэж, чанарын зорилтуудаа илүү тодорхой хэмжигдхүйц болгон, цаг хугацаа үүрэг хариуцлагыг тодорхой төлөвлөн, процесс менежмент, эрсдэлийн удирдлагын шинэлэг аргачлал, загварыг бүх тасаг, нэгж албадад нэвтрүүлэн, үзлэг оношилгоо, эмчилгээний өртөг зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх тодорхой шийдэл арга хэмжээг төлөвлөн, дотоод аудит, хяналт мониторингийн арга хэлбэрүүдийг олон улсын стандартаас тасралтгүй суралцан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын стандартын баримт бичгийн мөрдөлт, чанарын талаарх мэдлэг ойлголтыг нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд системтэй сургалтаар олгохоор 2021 онд Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан Олон улсын ISO 9001, ISO 19011, ISO 31000, ISO 15189 стандартуудын сургалтад нийт 180 гаруй ажилтнаа хамрууллаа.