ЗӨВЛӨЕ: Урт хугацааны туршид их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэх нь ЗҮРХ СУДАСНЫ өвчин үүсгэдэг

Зүрхний дутагдал гэж юу вэ?

Зүрх нь биеийн бүх хэсэгт хүчилтөрөгчөөр баялаг цусыг хүргэдэг шахуургын үүрэгтэй эрхтэн юм. Харин зүрхний дутагдал гэдэг нь таны зүрх бусад эд эрхтэндээ хангалттай  хэмжээгээр цусыг хүргэж чадахгүйн улмаас цусны эргэлт удааширч, бодисын солилцоо бууран, биед шингэн хуримтлагдсанаар олон төрлийн зовуурь, шинж тэмдэгийг үүсгэдэг өвчин юм.

Зүрхний дутагдлыг үүсгэдэг гол шалтгаанууд нь юу вэ?

  • Зүрхний шигдээс
  • Даралт ихсэх
  • Зүрхний булчингийн өвчин болох Кардиомиопати
  • Зүрхний хавхлагын өөрчлөлтүүд
  • Вирусын гаралтай зүрхний булчингийн өвчин
  • Урт хугацааны туршид их хэмжээгээр архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх
  • Зүрхний хэм алдагдал
  • Зарим химийн эмчилгээ
  • Зүрхний төрөлхийн өөрчлөлтүүд
  • Бамбай булчирхайн өвчин
  • Цус багадалт
  • Зүрхний дутагдлын зовуурь

Зүрхний дутагдлын үед  түгээмэл илэрдэг зовуурьт:

  • Тайван болон ачааллын үед амьсгал давчдах
  • Шилбэ, шагай, тавхай, хэвлий эсвэл ар нуруугаар хавагнах
  • Ядарч сульдах

Эдгээр зовууриуд яагаад үүсдэг вэ?

Зүрх хангалттай түвшинд шахуургын үүргээ гүйцэтгээгүйгээс зовуурилна.  Ингэснээр биед илүүдэл шингэн хуримтлагдаж, хавагнана. Заримдаа уушиг хавагнавал маш хүнд хэлбэрийн амьсгаадалт үүсдэг.

Цус хүчилтөрөгч, давс, ус, шим тэжээлээс гадна бусад хэрэгцээтэй бодисыг зөөвөрлөдөг. Хэрэв зүрх үр дүнтэй цусаа шахаж, эргэлдүүлж чадахгүй бол зарим эд эрхтэний үйл ажиллагаа мөн саатна.

Зовууриа багасгахын тулд юу хийх вэ?

Зүрхний дутагдлын зовууриа хянах нь эмчилгээний нэг чухал хэсэг юм. Зүрхний дутагдлын талаар илүү ихийг мэдэж, шаардлагатай үед авах арга хэмжээнд суралцсанаар өвчний хүндрэлээс сэргийлж, эмчилгээг илүү үр дүнтэй болгоно.

Хэрэв шээс багасч, хавагнах зовуурь илэрвэл давс, шингэнээ багасгаж, өөрийн эмчийн зөвлөсний дагуу хоногт уух шингэнээ зохицуулах, жингээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ таны жин 1-3 хоногт 2-3 кг нэмэгдвэл илүүдэл шингэн хуримтлагдаж байна гэсэн үг юм.

Алхалт нь хамгийн аюулгүй хөдөлгөөн юм. Өдөр бүр агаарт алхах нь нойргүйдлийг багасгана.

  • 7 хоногт багадаа 5 хоног 30-40 минут дасгал хийх
  • 5 кг дээш хүнд зүйлийг өргөхгүй байх
  • Хангалттай сайн унтэж амрах
  • Кафейн, тамхи, архинаас ангид эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлээрэй

Дасгал хөдөлгөөнийг хийхдээ богино хугацаанд хөнгөн дасгалаас эхлэн, аажмаар үргэлжлэх хугацаа болон ачааллыг нэмэгдүүлээрэй.