УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ШИМИЙГ ХҮРТЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Тус эмнэлэг, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар хооронд 2022 онд хоёр байгууллагынхаа ирээдүйн хөгжилд харилцан дэмжлэг үзүүлэх, байгууллагын соёл, хүний хөгжлөөс харилцан суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эрүүл мэндийн технологийн дэвшил, шинэчлэл болон үйлдвэрийн ажиллагсадын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хоёр талын нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран шийдвэрлэж байхаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Энэхүү хамтран ажиллах харилцан ойлголцын санамж бичигийн хэрэгжилтийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс энэ онд тус эмнэлгийн үндэсний хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлдэг эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгуудыг олон улсын жишигт нийцүүлэн их засвар хийж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, засвар тохижолтын ажлыг дуусган, 2022 оны 12 дугаар сарын 27 оны өдөр дээрх тасгуудыг нээж, хэвийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Монгол улсын хэмжээнд зүрх судас, тархи мэдрэлийн бүхий л чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлж буй тус эмнэлгийн яаралтай тусламжаар жилдээ арван ёсөн мянга орчим, эрчимт эмчилгээний нэгдсэн тасгаар нийтдээ гурван мянга таван зуу орчим үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ хүлээн авдаг бөгөөд “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын дээрх хөрөнгө оруулалт нь төрийн хэвшлийн төв эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжуруулж, оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийн чадавхийг нэмэгдүүлснээр иргэд үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдэд ая тухтай орчныг бий болгож, аюулгүй байдлыг хангахад туйлын чухал ач холбогдол, бодит хөрөнгө оруулалт боллоо.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил болон ард түмний эрүүл мэндэд туйлын үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагын өндөр манлайллын үлгэр жишээ үзүүлж буй Монгол үндэстний бахархал болсон “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, түүний удирдлага, нийт хамт олон та бүхний бахархам үйлсийг тань магтан сайшааж, тус эмнэлгээр үйлчлүүлэгч нийт ард иргэд, эмнэлгийн хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.