БУЛГАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН БАГ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТУРШЛАГА СУДАЛЖ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

2023 оны 04 сарын 06-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын 17 хүний бүрэлдэхүүнтэй баг Улсын Гуравдугаар эмнэлэгт эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний зохион байгуулалттай танилцан туршлага судалж, хамтран ажиллалаа.

Тус эмнэлэг болон Булган аймгийн нэгдсэн эмнэлэг хооронд өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өндөр үр дүнтэй тогтолцоог зохион байгуулахад харилцан туршлага солилцож суралцах, төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, нэн шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх чиглэлүүдээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ удаа Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг тус эмнэлгийн хүний нөөц, эрүүл мэнд эдийн засгийн төлөвлөлтийн алба болон эмнэлгийн тусламж үйлчилгээний холбогдох тасгуудын үйл ажиллагаатай танилцаж үзүүлэх дадлага сургалтад оролцож харилцан туршлага солилцлоо.