Өтгөн хаталтаас сэргийлэх дасгал, хоол хүнсээ зохицуулах нь

Өтгөн хатах нь идэж буй хоол хүнсний бүтэц, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах, гэдэсний уртын хэмжээ харьцангуй нэмэгдэх, хэвлий, аарцгийн булчингийн үйл суларсан зэрэг олон шалтгаантай байж болдог.

Өтгөн байнга хатсанаас индол, скатол зэрэг хорт бодис цусанд шимэгдэж, биеийг архаг хордлогонд оруулна. Нян үржих таатай нөхцөл бүрэлдэж, хий их хуримтлагдсанаас хэвлий дүүрч цанхайх, өрц өргөгдөн зүрх уушигны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ үед зүрхээр хатгах, амьсгаадах, дотор муухайрах, хэвлийн доод хэсгээр өвдөх, хэт их дүлснээс ивэрхий үүсэх, тархи зүрхний цусан хангамжинд ч сөрөг нөлөө үзүүлнэ.

Хэрвээ та өтгөнөө өдөр бүр эсвэл 2-3 хоног, 7 түүнээс дээш хоногоор гадагшлуулж чадахгүй бол өтгөн хатаж байна гэж үзэн эмчид хандах ба дараах дасгал болон дэглэмийг хэрэгжүүлээрэй.

  • Өглөө бүр өлөн элгэн дээрээ буцлгаж хөргөсөн 2 стакан ус уух
  • Эслэг ихтэй хүнсний бүтээгдхүүнүүд жимс, шинэ ногоо, алимны нухаш, шар буурцаг, хүрэн манжин, хулуу,мөөг, чанасан овъёос, арвай, усан үзэм, тоор, хан боргоцой, амтат гуа, лийр, цитрусын төрлийн жимснүүд, хар чавга, шанцай, эрдэнэ шиш, ногоон шош, сонгино, сармис, байцаа, өргөст хэмх, шинэ ногооны навч, хальстай улаан буудай, хүрэн будаа, хөц будаа,хар талх зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх
  • Цэвэрлан бургуй тавих
  • Шамбарамтай бол болгоомжтой хэт их дүлж бие засахгүй байх
  • Иллэг хийх: Хэвлийн баруун доод хэсгээр цагийн зүүний дагуу тойруулан иллэгийг ойрхон давтамжтай хийх
  • Дасгал хийх