Зүрхний хэм судлалын төв

Зүрхний хэм судлалын төв

Зүрхний хэм судлалын төв нь улсын хэмжээнд зүрхний хэм судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлж бусад эрүүл мэндийн байгууллагуудын зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээг удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг юм.

БҮТЭЦ:
  • Төвийн эрхлэгч, Клиникийн профессор Х.Мөнгөн-Өлзий MD FAPSC
  • Ахлах зэргийн эмч Ц.Саруул, MD PhD
  • Ахлах зэргийн эмч Д.Батнаран, MD PhD
  • Их эмч Е.Досжан, MD

Тус эмнэлэг анх 2012 онд суулгац эмчилгээ ба бүрэн хяналтыг мөн 2016 оноос хэм алдагдлын үеийн электрофизиологийн оношилгоо, аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Электорфизиологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээ, дефибриллятор суулгац эмчилгээ (implantable cardioverter defibrillator), зүрхний дутагдлын үеийн дэвшилтэд шинэ технологууд болох зүрхний ресинхронизацийн суулгац (cardiac resynchronization therapy), зүрхний агшилтыг дэмжигч суулгац (cardiac contractility modulation), физиологийн буюу Гиссын пейсинг суулгах эмчилгээ (HIS bundle pacing) зэргийг эх орондоо АНХ УДААГАА НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛАН энэ төрлийн эмчилгээг амжилттай хийж байна.

  • ЗҮРХНИЙ СУУЛГАЦ ЭМЧИЛГЭЭ

    Хэм судлалын төв нь 2012 оноос пейсмейкер суулгац (pacemaker), 2015 оноос дефибриллятор суулгац (implantable cardioverter defibrillator), 2016 оноос зүрхний ресинхронизацийн суулгац (cardiac resynchronization therapy), 2018 оноос зүрхний агшилтыг дэмжих суулгац (cardiac contractility modulation), 2020 оноос Гиссын багцын пейсинг суулгац (HIS bundle pacing) эмчилгээг ба 2021 оноос зүрхний хэм хяналтын суулгац шинжилгээ (loop recorder)-г тус тус анхлан нэвтрүүлж, нутагшуулан ажиллаж байна. 2012-2021 оны хугацаанд нийт 1204 тохиолдолд 6 төрлийн суулгац эмчилгээг хийсэн байна. Нийт тохиолдолын 6.1%-д ямар нэгэн хүндрэл бүртгэгдсэн байгаа нь олон улсын судалгаатай харьцуулахад адил түвшинд байна. Рентген харсан дундаж хугацаа 206 ± 196 сек байгаа нь олон улсын дунджаас 3 дахин бага буюу туршлагатай төвүүдийн үзүүлэлттэй ижил байна. Ийнхүү суулгац эмчилгээний зорилгоор гадаад оронд эмчлүүлэх урсгалыг Монгол улсдаа бүрэн шийдвэрлэх боломжтой болсон. Цаашид тус эмчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд төвийн зөвлөх эмч нар Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Интермэд эмнэлгүүдэд зөвлөн, ажлын байрны сургалтыг зохион байгуулж ажиллаж байна.

  • ЭЛЕКТРОФИЗИОЛОГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ

    Их эмч Х.Мөнгөн-Өлзий нь 2015 онд Электрофизиологийн анхны лабораторийг байгуулах төслийг бичиж эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир ба Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд-захирал О.Батгэрэл нарт өгсөн нь эмнэлгийн захиргаанаас дэмжигдэн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэмжин удалгүй 2016 онд Монгол улсын анхны электрофизиологийн оношилгоо, эмчилгээний лабораторийг байгуулж байсан түүхтэй. Ийнхүү зүрхний хэм судлалын электрофизиологийн оношилгоо, эмчилгээ 2016 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 545 тохиолдолд электрофизиологийн оношилгоо эмчилгээг хийсэн. Нийт тохиолдолын 98.1-д хэм алдагдлыг сэдээх цахилгаан замыг бүрэн тасалсан, хүндрэл илэрсэн тохиодол 1.1%, эргэх замын түлэх эмчилгээний үргэлжлэх хугацаа 87 ± 68 мин, тосгуурын фибрилляцийн эмчилгээний дундаж хугацаа 260 ± 129 мин байгаа нь олон улсын түвшинд харьцуулагдах амжилттай байгааг илтгэнэ. 2021 оны 11 сарын байдлаар хэм алдагдал дахисан тохиолдол 7.9% байгаа нь олон улсын төвүүдэд дахилт 6-10% орчим байдагтай ижил түвшинд байна. Цаашид зүрхний 3D цахилгаан зураглал гаргах аргачлал, хөлдөөх аблацийн технологи зэрэг шинэ шинэлэг аргачлалуудыг бүрэн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

  • ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ОНОШ ЗҮЙ

    Зүрхний хэм алдагдлын оношилгооны чиглэлд 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, 7-14 хоногийн зүрхний цахилгаан бичлэгийн хяналт, тохиолыг бүртгэгч зүрхний хэмийн хяналт, налуу ширээний сорил зэрэг зонхилон хэрэглэгдэх аргачлалуудыг өдөр тутмын эмнэлзүйн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна. Тус төв нь эдгээр технологийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн юм. Цаашид хэм судлалын генетикийн түвшины шинжилгээ оношилгоог хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй байна.