Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв нь улсын хэмжээнд мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалт болон тархины нугасны судсан дотуурх оношилгоо эмчилгээний чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлж бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Тус төвийн бүрэлдэхүүнд мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, харвалтын тасаг, тархи нугасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, мэдрэлийн эрчимт эмчилгээ, мэдрэлийн дүрс оношилгоо, мэдрэлийн яаралтай тусламж, сэргээн засах эмчилгээний багууд хамтран ажиллаж байна.
Тус төв нь мэргэжлийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажиллагааг зохион байгуулахын сацуу 21 аймаг, 9 дүүргийн улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн мэдрэл судлалын эмч, мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажилладаг.
Монгол Улсын дотрын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор, Анагаах ухааны докторант
Тус төвийн мэдрэл судлалын тасаг нь 1964 оны 10-р сарын 14-нд одоогийн эмнэлгийн харъяанд “Голын больниц” хэмээн нэрлэгддэг Туул голын хойд хөвөөнөө аж үйлдвэрийн комбинатын баруун талд байрлах дан жижиг цагаан байшинд анх бие даасан тасаг үүсгэн байгуулагдсан бөгөөд 1965-1970 онд тархины судасны өвөрмөц үрэвсэл, эмнэл зүй, оношлогоо, эмчилгээний чиг хандлагыг боловсруулж, 1970-1975 онд вегетатив мэдрэлийн системийн эмгэгшил, түүний клиник шинж тэмдэг, оношилгооны өвөрмөц арга, эмчилгээний стандартчилал боловсруулсан.
Мэдрэлийн тасагт жилдээ 1300-1500 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, амбулаториор 20000 гаруй үйлчлүүлэгчдэд лавлагаа тусламж үйлчилгээ зөвлөгөө өгч, тархины судасны хэт авиан допплерографи болон тархины цахилгаан бичлэгийн шинжилгээг жилд 7500 орчим үйлчлүүлэгчид хийж улсын хэмжээний оношлогоо эмчилгээний асуудлыг шийдэн, орчин үеийн техник технологи, нотолгоонд суурилсан эмчилгээ оношлогооны шинэ арга барилыг нэвтрүүлж,үйлчлүүлэгсдийг дээдэлсэн багийн тогтолцоог боловсронгуй болгож ажиллах, хамт олны хөгжил дэвшлийг хангах, дэлхийн стандартад дүйцхүйц мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг аюулгүй эрсдэлгүй орчинд чанартай, хүртээмжтэй үзүүлэхээр зорин ажиллаж байна. Тус тасаг нь 35 ортой, 30 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй Үүнд : ШУ доктор Зөвлөх эмч 1, клиникийн профессор-1, АУ магистр болон ахлах болон тэргүүлэх зэргийн эмч нар ажиллаж байна.
Анх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын болон Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, Анагаах ухааны доктор, профессор, Мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх эмч Ж.Хайрулла БНСЧСУ-д (хуучин нэрээр) Мэдрэлийн мэс заслын чиглэлээр курст суралцаж ирээд 1966 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн оронд хүний гар хүршгүй эмзэг эрхтэн гэгдэж байсан уураг тархинд мэс засал хийж тархины хавдрыг амжилттай авснаар энэхүү алба гал голомтоо асаасан билээ.
Ж.Хайруллагийн шууд удирдлагаар 1971 оны 5-р сарын 13-нд тус эмнэлгийн бүрэлдэхүүнд Мэдрэлийн мэс заслын анхны тасаг нээгдсэн түүхтэй.
Тус тасаг нь нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо эмчилгээнд 240 мянга гаруй хүн хамруулж 42 гаруй мянган хүн хэвтүүлэн эмчилснээс гадна мэс заслын эмчилгээ 40 гаруй мянган хүнд хийсэн нь эмчилгээний үр дүн 92,9 хувь байна.
Тус тасгийн хамт олон 110 гаруй нэр төрлийн оношлогоо эмчилгээний аргыг практикт нэвтрүүлж ажиллаж байгаагаас гадна 410 гаруй илтгэл, өгүүлэл, 38 ашигтай загварын гэрчилгээ, 16 шинэ бүтээлийн патент авсан.
Одоо тус тасаг нь тархи, мэдрэлийн мэс заслын 35 ор, нуруу-нугасны мэс заслын 5 ор, хагалгааны дараах эрчимт эмчилгээний 8 ортой ажиллаж байна. Академич–1, Анагаах ухааны доктор–2, Зөвлөх зэргийн эмч–1, Клиникийн профессор–7, Анагаах ухааны докторант–2, Анагаах ухааны магистр–3, тэргүүлэх зэргийн эмч–3 гэсэн бүрэлдхүүнтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус тасгийн хамт олны дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар–1, Төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавъяат эмч–2, Хүний гавъяат эмч–1, Төрийн соёрхолт–6 хүн төрөн гарсан билээ.
Монголын Мянганы Сорилын Сан /ММСС/, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын хамтын гэрээний (contract №:CA/MCA-M/MCC/HEA/CS/074/2010) дагуу МСС-гийн санхүүжилт, ДЭМБ-ийн дэмжлэгээр “Харвалт ба зүрхний шигдээс” төсөл 2010-2013 ондМонгол Улсад хэрэгжиж, Эмнэлгийн даргын 2013 оны 8-р сарын 19-ний А/25 тушаалаар “Харвалтын тасаг” үүсгэн байгуулагдсан. Одоогоор тасаг нь 20 ортой 30 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй Үүнд , Анагаах ухааны доктор–1, Зөвлөх зэргийн эмч–1, Клиникийн профессор–1, Анагаах ухааны магистрант–3, тэргүүлэх болон ахлах зэргийн эмч нар ажиллаж байна.
Монгол улсын анагаах ухааны практикт тархины артерийн судасны ангиографийн шинжилгээг 1969 онд зөвлөх эмч Ж.Хайрулла гүрээний артерийг нээж ил гарган хатгаж хийх арга, 1970 онд их эмч Б.Оюун гүрээ ба суганы артерийг шууд хатгаж хийх аргыг тус тус нэвтрүүлсэн.
Сүүлийн үед тархины судасны олон шалтгаант өвчлөл нэмэгдэж түүний дотор тархины судасны цүлхэн, артер-венийн эмгэг сүлжээрэл, артерийн бөглөрөл, нарийсал, цус харвалт ялангуяа цус хомсрох харвалт олонтой оношлогдох болсон нь ихээхэн анхаарал татаж байна.
Тархины судасны оношилгоонд ПанАГ, СТ-АГ, МРТ-АГ, ДГ,ДСГ зэрэг мэдрэлийн дүрс оношилгооны олон аргууд анагаах ухааны практикт нэвтэрч стандартын дагуу хийгдэж олон арван өвчтөний оношийг тогтоож, баталж, эмчилгээний асуудлыг шийдэж байгаа юм.
Мэдрэлийн төв нь төвлөрлийг сааруулах зорилгоор үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийг орон нутагт нь оношлон эмчлэх чадвар бүхий өндөр нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч, мэргэжилтнийг бэлтгэх сургалтуудыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж ирсэн.
Тус төвийн эмч мэргэжилтнүүд ХБНГУ-ын Ульм, Халле хотын мэдрэлийн төв, Австрали, Тайваны Үндэсний их сургуулийн төв эмнэлэг, Хятадын АУИС-ийн төв эмнэлэг, Солонгосын Ионсей, Самсунг, Северенсе эмнэлгийн болон ОХУ, Япон, АНУ-ын төв эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлэн суралцаж хамтран ажиллаж байна.
Цаашид мэдрэлийн төв нь дэлхийн жишигт хүрэхүйц олон улсын стандартыг хангасан мэдрэлийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэхийн тулд тархины харвалтын нэгдсэн баг, мэдрэлийн дегенартив өвчний нэгдсэн баг, эпилепсийн бичил төв зэрэг мэргэшсэн мэргэжлийн багуудтай болох зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр бид үндэсний хэмжээнд хүн амд мэдрэлийн мэргэшсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгч, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтыг хослуулан явуулах боломж бий болно.