МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ
Танилцуулга

Анх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын болон Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, Анагаах ухааны доктор, профессор, Мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх эмч Ж.Хайрулла БНСЧСУ-д (хуучин нэрээр) Мэдрэлийн мэс заслын чиглэлээр курст суралцаж ирээд 1966 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн оронд хүний гар хүршгүй эмзэг эрхтэн гэгдэж байсан уураг тархинд мэс засал хийж тархины хавдрыг амжилттай авснаар энэхүү алба гал голомтоо асаасан билээ. Ж.Хайруллагийн шууд удирдлагаар 1971 оны 5-р сарын 13-нд тус эмнэлгийн бүрэлдэхүүнд Мэдрэлийн мэс заслын анхны тасаг нээгдсэн түүхтэй.
1966-1970 оны үе.
Энэ үед манай орны Мэдрэлийн мэс заслын мэргэжлийн ганцхан эмч нь Ж.Хайрулла байсан бөгөөд хотын эмнэлгүүдийн мэс заслын тасгуудыг түшиглэн мэс заслууд хийж, улмаар энэ мэргэжилд эмч нарыг олж мэргэшүүлэх, уураг тархины хавдар, буглаа, бэтэг, төрөлхийн гажгуудыг оношлож, тархи нугасны мэс заслуудыг амжилттай хийж байлаа. Энэ үед вегетатив мэдрэлийн системд хийх мэс засал, ялангуяа гуурсан хоолойн багтрааг мэс заслаар амжилттай эмчилж, түүнийг Ж.Хайрулла эрдэм шинжилгээний ажлынхаа сэдэв болгон батлуулж, гуурсан хоолойн багтраа өвчний үед гломусэктоми мэс заслыг хийж, уушигны амьсгалын багтаамжийг хагалгааны өмнө хойно харьцуулан эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж байлаа.
1971-1980 оны үе.
Үндэсний мэргэшсэн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй болж бие даасан тасаг байгуулагдан, ЗХУ-ын мэргэжилтний оролцоотойгоор Мэдрэлийн мэс заслын орчин үеийн шинжилгээ, оношлогоо, мэс заслын эмчилгээний аргуудыг сурч эзэмшиж байсан үе юм. 1974 онд зөвлөх эмч Ж.Хайрулла АУ-ны дэд эрдэмтний зэрэг амжилттай хамгаалсан бөгөөд оросын мэргэжилтэн Б.М.Рачков, зөвлөх эмч Ж.Хайрулла нарыг их эмч П.Дондов, Д.Жавзмаа, Б.Оюун, Л.Баяраа, н.Хуяг нар дагалдан суралцаж мэдрэлийн мэс заслын мэргэжилтэн гэсэн үнэмлэхийг гардан авсан. 1975 онд их эмч Ш.Болд ЗХУ-д клиник ординатурыг төгсч, 2 сувилагч мэдрэлийн мэс заслын сувилагчийн мэргэжлийг эзэмшсэнээс гадна тус тасгийн материаллаг бааз өргөжин эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх курсболонАнагаахын дээд сургуулийн ахлах ангийн оюутнуудад дадлагын хичээл, лекцийг зааж эхэлсэн юм. Их эмч А.Нота, Б.Батчулуун (1976-2014 он), Б.Эрдэнэ, Ш.Болд (1978-2012 он), Б.Ганбаатар, С.Лхагвасүрэн (1980 он) нар тус тасагт эмчээр,мэдрэлийн мэс заслын анхны сувилагч нь н.Сахьяа гэдэг хүн тус тус ажиллаж байв.
1981-1990 оны үе.
Мэргэжлийн эмч нар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж, эмч нар тусгай чиглэлээр бие даан мэргэшин ажиллаж, практик ажилдаа ангиографийн иж бүрэн төхөөрөмж, компьютерт томографийн аппарат ашиглан ажилласан үе. Энэ үед 2 эмч анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж (П.Дондов 1981 он, Б.Оюун 1985 он) нэг эмч ЗХУ-д (хуучин нэрээр) клиник ординатурт (Б.Батчулуун 1989 он) суралцаж төгссөн. Мэдрэлийн мэс заслын тасаг салбар улам хөгжиж эмч нар тусгай чиглэлээр бие даан ажилласан бөгөөд мэдрэлийн мэс заслын рентгены эмчээр Б.Оюун, их эмч П.Дондов эпилепсийн чиглэлээр, их эмч А.Нота тархины судасны эмгэгээр, их эмч Б.Батчулуун хүүхдийн мэс заслын чиглэлээр, их эмч Ш.Болд нуруу нугасны мэс заслын чиглэлээр, их эмч Б.Эрдэнэ нейроанестизиологийн чиглэлээр тус тус мэргэшин салбарлан ажиллаж байснаас гадна Х.Хусаян, Я.Сайнбуян нар (1985 он) их эмчээр ажиллах болсон. Энэ хугацаанд шинээр радикулитыг мэс заслаар эмчлэх, тархины гүн байрлалтай хавдрыг “хөргөлт–ерөнхий унтуулгатай”-гаар мэс заслаар эмчлэх, тархины судасны цүлхэн ба бусад эмгэгүүдийг мэс заслаар эмчлэх, харааны мэдрэлийн ба тархины суурь хэсгийн үрэвсэлт өвчнийг антибиотекийг артерийн судсаар хийж эмчлэх, эндоваскуляр эмчилгээнийарга, онош тодруулах веноспондилограф, эпидураграф, компьютерт томограф зэрэг шинжилгээг амжилттай нэвтрүүлэн ашиглаж байлаа.
1991-2005 оны үе.
Тус тасгийн ахмад үеийнхэн маань залгамж халаа залуу боловсон хүчин бэлтгэхэд анхаарч Л.Эрдэнэ-Очир (1990-2006) Ц.Энхбаяр (1992-2005), Л.Аваажигмэд, Д.Энхболд (1994-одоог хүртэл), Ц.Тугбаяр (2001-2021) зэрэг залуу эмч нарыг тасагтаа ажиллуулж мэргэшүүлсэн. Энэ хугацаанд тархи нуруу нугасны эмгэгийн бичил мэс заслын арга, дурангийн мэс заслын арга (эндоскоп), дуран авианы (микроскоп) тусламжтай хийх мэс заслын арга, ”Нурууны хиймэл нугалмай” эмчилгээний арга, “Өнчин тархины хавдрыг хамрын хөндийгөөр авах” мэс заслын арга, “Допплерографийн шинжилгээний арга” гэх мэт орчин үеийн дэвшилтэт аппарат тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулах болсон юм.
2005-2014 оны үе.
Энэ хугацаанд тус тасгийн хамт олны гадаад харилцаа өргөжин тэлж, практик үйл ажиллагаандаа орчин үеийн оношлогоо, эмчилгээний багаж төхөөрөмжийг ашигласнаар уураг тархины болон нуруу нугасны эмгэгүүдийг оношлох, мэс заслын эмчилгээний арга техникүүд улам боловсронгуй болгосноор эмчлүүлэгчдэд үзүүлэх төрөлжсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээний чанарт бодитой ахиц гарсан юм. Тухайлбал ангиографийн компъютер томографийн орчин үеийн шинэ аппарат, мэс заслын микроскоп, мэс заслын бичил багаж хэрэгслүүд, зөөврийн рентген аппарат зэргийг дурьдаж болно. Мөн энэ хугацаанд залуу эмч нар Б.Батболд /2007-одоог хүртэл/, С.Абай /2007-одоог хүртэл/, С.Алтан-Очир /2007-2020/, Б.Анар /2007-2019/, Ш.Орхонтуул /2009-одоог хүртэл/ нар сургуулиа төгсч тус тасагт ажиллаж байгаа бөгөөд урт богино хугацаагаар гадаад орнуудад суралцаж орчин үеийн эмчилгээний шинэ аргуудыг практикт нэвтрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна. Энэ хугацаанд тус тасгийн хамт олон нурууны дискийн ивэрхийг озон болон кортикостериодаар эмчилэх, микродискэктомия, тархины торлог бүрхэвчийн диссекци хийх, тархины уян дурангаар цусан бүлэнг соруулж авах, гурвалсан мэдрүүлийн өвдөлтийг мэс заслаар эмчлэх зэрэг аргуудыг практикт нэвтрүүлэн ажиллаж байна. Тус тасаг нь нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо эмчилгээнд 240 мянга гаруй хүн хамруулж42 гаруй мянган хүн хэвтүүлэн эмчилснээс гадна мэс заслын эмчилгээ 40 гаруй мянган хүнд хийсэн нь эмчилгээний үр дүн 92,9 хувь байна.
2014-2025 оны үе
Шинэ зууныг бид нейрофункциональ мэс заслын багийн хөгжлөөр эхлүүлэн үргэжлүүлэн ажиллаж байна. Шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж багаж ашиглан мэс заслын шинэ технологи нутагшуулж уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа.
Энэ хүрээнд гадаад оронд хийлгэх шаардлагатай байсан мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг, Тархины гүний төвөгтэй байрлалтай хавдар авах мэс заслын хүрц технологи нутагшуулах зорилго тавин ажлаа эхлүүлсэн. Мөн энэ хугацаанд залуу эмч нар Х.Жан /2017 оноос/, Э.Дулам /2017 оноос/, Г.Эрдэнэбат / 2018 оноос/, Г.Золбаяр /2021 оноос/, Д.Оюунцэцэг /2021 оноос/, Ж.Батзаяа /2022 оноос/, Ц.Ганбаатар /2022 оноос/, Б.Билгүүн /2022 оноос/ Б.Батхүү 2023 оноос/ ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА:
“Үйлчлүүлэгч-төвтэй” мэдрэлийн мэс заслын хамгийн шилдэг тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн мэс заслын мэргэжилтнүүдийг урлагийн бүтээл болохуйц шилдэг техник технологийг ашиглах чадавхийг бүрдүүлэх нөхцлийг хангасан, мэдрэлийн мэс заслын салбарын дэлхийн сүүлийн үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ажиллах зарчмыг баримталдаг үндэсний хэмжээний тэргүүлэх салбар болон хөгжих
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги нь ард иргэддээ дэлхийн түвшний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж, стандартын дагуу мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг хамгийн сүүлийн техник технологи ашиглан үр дүнтэй чанартай үзүүлэхэд чиглэгдсэн бөгөөд иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн улмаар нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулахад зорилго нь оршино. Мөн энэхүү зорилгын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй, анагаах ухааны нотолгоонд суурилсан, дэвшилтэт технологиор тэгш, хүртээмжтэй, чанартай, үр ашигтай үзүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

Одоо тус тасаг нь 48 ортой, Анагаах ухааны доктор–2, Зөвлөх зэргийн эмч–2, Клиникийн профессор–7, Анагаах ухааны магистр–4, тэргүүлэх зэргийн эмч–3, ахлах зэргийн эмч-2 гэсэн бүрэлдхүүнтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус тасгийн хамт олны дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар–1, Төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавъяат эмч–2, Хүний гавъяат эмч–1, Төрийн соёрхолт–6 хүн төрөн гарсан билээ.

Зөвлөх эмч нар:

  • Б.Батчулуун, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавьяат эмч, Зөвлөх зэргийн эмч, кл.профессор
  • Х.Хусаян, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэргийн эмч, Кл.профессор

Эмч нар:

  • • Д.Энхболд – Монгол улсын зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор
  • • С.Абай – Мэдрэлийн мэс заслын их эмч, Тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, кл.профессор
  • • Б.Батболд – Мэдрэлийн мэс заслын их эмч, Тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, кл.профессор
  • • Ш.Орхонтуул – Мэдрэлийн мэс заслын их эмч, Тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны
  • • Г.Эрдэнэбат- Мэдрэлийн мэс заслын их эмч, Ахлах зэргийн эмч
  • • Э.Дулам – Мэдрэлийн мэс заслын их эмч, Ахлах зэргийн эмч
  • • Х.Жан – Мэдрэлийн мэс заслын их эмч
  • • Г.Золбаяр – Мэдрэлийн мэс заслын их эмч
  • • Д.Оюунцэцэг – Мэдрэлийн мэс заслын их эмч
  • • Ж.Батзаяа – Мэдрэлийн мэс заслын их эмч, АУ-ны магистр
  • • Б.Билгүүн – Мэдрэлийн мэс заслын их эмч
  • • Ц.Ганбаатар – Мэдрэлийн мэс заслын их эмч
  • • Б.Батхүү – Мэдрэлийн мэс заслын их эмч

Мэдрэлийн мэс заслын практикт 2015 оноос хойш хийгдсэн эмчилгээний шинэ аргууд:

  1. 1. Каротид эндартерэктоми, вен сафенагаар ангиопласти хийх 2015
  2. 2. Төрөлхийн нүүр, духны байрлалтай тархины ивэрхийн мэс засал 2016
  3. 3. Тархины ховдол – зүрхний тосгуурыг холбосон шунт тавих 2016
  4. 4. Хүзүүний нугаламын арын бэхэлгээ хийх мэс засал 2017
  5. 5. Дагз-хүзүүний бэхэлгээ хийх мэс засал 2018
  6. 6. Хүзүүний хиймэл нугалам суулгах 2018
  7. 7. Нейронавигацийн систем ашиглан тархины гүний байрлалтай кавернома авах 2021
  8. 8. Транслабринтин хүрцээр сонсголын мэдрэлийн хавдар авах арга
  9. 9. Трансорал хүрцээр тархины багана ба кливус орчмын хавдарыг авах мэс засал
  10. 10. Тархины нэн чухал төвд байрлалтай хавдарыг унтуулгагүй авах сэрүүн мэс заслын арга
  11. 11. Тархины усжилттай хүүхдэд дуран ашиглан тархины гуравдугаар ховдлын ёроолыг цоолж суваг үүсгэх, ховдлын судаслаг багцыг түлэх арга 2022
  12. 12. Эпилепси буюу уналт таталтын эмгэгийн үед хийгдэх амигдалагипокампэктомия, дэлбэн тайрах, каллозотоми мэс засал 2022
  13. 13. Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий авах дурангаар мэс засал 2022
  14. 14. Тархины саажилттай хүүхдийн булчингийн чангарал суллах ризотомийн мэс засал 2022
  15. 15. Тархины ховдлын уйланхайг дурангаар нээх мэс засал 2023
  16. 16. Радиал артер ашиглан high-flow bypass хийх 2023
  17. 17. Судасны мэс засалд хяналтын ICG тодосгогч бодис ашиглах 2023
  18. 18. Тархины үрэвсэлт, усжилт эмгэгийн үед Оммаяа резервуар суулгах арга 2023
  19. 19. Тархины усжилтад програмчилдаг шунт суулгах мэс засал 2024
Эмч, ажилчид