ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол улсад хүн амын дундах халдварт бус өвчний тэргүүлэх байрыг зүрх судасны өвчлөл олон жилийн турш тогтвортой эзэлж байгаа төдийгүй гэнэтийн нас баралтын зонхилох тохиолдол нь зүрхний шигдээс байгаа нь тулгамдсан асуудал болсоор ирсэн. Зүрхний өвчний шалтгаант гэнэтийн нас баралтыг бууруулах, зүрхний цочмог шигдээсийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилгоор 2011-2013 онд МУ-ын Засгийн газар, ЭМЯ-наас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(ДЭМБ)-ын техник туслалцаа, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн “Тархины харвалт, зүрхний шигдээсийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг төслийг УГТЭ амжилттай хэрэгжүүлэн Олон улсын жишигт нийцсэн зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг эх орондоо бүрэн нэвтрүүлж, үндэсний хэмжээнд нутагшуулан ажиллаж чадсан 10 жилийн ажлын үр дүнгээ 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд тайлагнан ажилласан. Төслийн үр дүнд ангиографи, компьютер томографи, эрчимт эмчилгээ болон сэргээн засах чиглэлээр 9,2 ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангаж, үйл ажиллагааг 24 цагаар тасралтгүй хангахаар зохион байгуулж, эмч, мэргэжилтнүүдийг багаар дуудах дуудлагын тогтолцоог анх удаа бий болгосон юм. Бүлэн уусгах эмчилгээний технологийг ТХ, ЗШ-ийн цочмог үеийн шинэ эмчилгээ болгон төсөл хэрэгжүүлэгч эмнэлэгт нэвтрүүлснээр олон хүний хөдөлмөрийн чадвар алдалтаас, эрт нас баралтаас сэргийлж чадсан.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн даргын 2013 оны А/27 дугаар тушаалаар эрчимт эмчилгээний болон эрчимтийн дараах гэсэн 20 ортой, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдсан анхны Зүрхний шигдээсийн тасаг зохион байгуулагдаж, 2013 оны 10 сарын 30 нд үйл ажиллагаагаа эхэлсэн.
Тасгийн анхны эрхлэгчээр Ч.Гэрэлтуяа /2013-2021/, Х.Батмягмар /2015-2016/, Ц.Батзаяа /2021 оноос одоог хүртэл/ нар ажиллаж, мэргэшсэн баг хамт олноо удирдан, мэргэжил арга зүйгээр ханган, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг ОУ-ын жишигт нийцүүлэн чанарын өндөр түвшинд үзүүлж байна.
Тус тасаг нь өдөрт 20-22 эмчлүүлэгч хэвтүүлэн эмчилж, өдөрт 8-12, жилд дунджаар 1800–2200 хүнд яаралтай болон төлөвлөгөөт журмаар Титэм судсан дотуурх эмчилгээ, оношилгооны тусламж үйлчилгээг тогтмол үзүүлэн, амбулаторийн тусламж үйлчилгээг зүрхний шигдээсийн дараах болон зүрхний дутагдлын хяналт, зүрхний ангиографийн кабинетүүдээр үзүүлж, шигдээсийн дараах хүндрэлийг эрт илрүүлэх, стент эргэн нарийсал, давтан ТиСДО-ны асуудлыг шийдвэрлэх, эмийн эмчилгээний менежментийг зохицуулах, амьдралын хэв маягийн зөвлөгөө өгөх, гадаадад эмчлүүлэх шаардлагатай эмчлүүлэгчийн тодорхойлолт гаргах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Зүрхний шигдээсийн тасгийн эмчилгээ үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь зүрхний цочмог шигдээс, аминд халтай хэм алдагдал, зүрхний цочмог дутагдал, зүрхний архаг дутагдлын ээнэгшил алдагдсан хүнд хэлбэрт холбогдох стандарт, удирдамжийн дагуу дэлхийн дэвшилтэт технологийг ашиглан олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэдэг.
Одоо тус тасаг нь Зөвлөх эмч-1, тасгийн эрхлэгч-1, эмч-7, ахлах сувилагч-1, сувилагч-7, нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2020 оныг хүртэл 21 аймаг, 9 дүүрэгт, 2020 оноос хойш ЭМС-ын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн тушаалаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, 16 аймгийн хүн амд зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг үзүүлэн ЗШ-ийг эрт оношлох, тээвэрлэх, эрт үеийн менежмент, эмэн эмчилгээ, зүрхний шигдээсийн дараах хяналт, сургалтыг хийн, яаралтай тусламж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний эмч, судсан дотуурх оношилгоо эмчилгээний баг, зүрх судлал, зүрхний мэс заслын баг, сэргээн засах эмчилгээний эмч мэргэжилтнүүдтэй нягт уялдаатай хамтран ажиллаж байна.
Тус тасгийн эмч, мэргэжилтнүүд олон улсын эмнэл зүйн удирдамжуудыг өөрийн орны онцлогт тохируулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэн ажиллаж байгаа ба Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт тус тасаг нь зүрх судасны судалгааны хэсэг болон чанарын ба эпидемиологийн судалгааг хариуцан ажиллаж байна.