2017 оны УРИА

Мэдрэлийн төв

Мэдрэлийн төв

Монгол Улсын Мянганы хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эрүүл мэндийн бодлогод үндэсний хэмжээний төвүүдийг байгуулах замаар халдварт бус өвчин эмгэгээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, эмчилгээ оношилгооны чанарыг сайжруулах зорилгоор 2010 оны Эрүүл мэндийн сайдын 313 тоот тушаалаар үндэсний хэмжээний Мэдрэлийн төвийг П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн дэргэд зохион байгуулах тухай тушаал гарсан. Энэхүү тушаалын дагуу 2011 оны 12-р сарын 01-нд “Мэдрэлийн төв”-ийг үе үеийн шилдэг мэргэжилтнүүдийн эрдэм мэдлэг, хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд 50 жил үр дүнтэй үзүүлсэн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасгийн суурин дээр зохион байгуулсан.

Мэдрэлийн төв нь тархины харвалтаас шалтгаалсан нас баралт, тахир дутуу,хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг бууруулах зорилгоор“Харвалтын тасаг”-ийг 2013 онд үүсгэн байгуулж Монголын Мянганы Сорилтын Сан, ДЭМБ-ын тусламж, санхүүжилтээр мэдрэлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглож орчин үеийн шаардлагад нийцүүлэн ажиллаж ирлээ. Одоо тус төвийн бүрэлдэхүүнд мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалтын тасаг, тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээ дүрс оношилгоо, мэдрэлийн эмгэгийн сэргээн засах эмчилгээний багууд ажиллаж байна.

Мэдрэлийн төв нь улсын хэмжээнд мэдрэлийн эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, ёс зүй, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, мэдрэлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээг дэлхийн анагаах ухааны түвшинд хүргэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, ялангуяа тархи нуруу нугасны мэс заслын эмчилгээ болон судсан дотуур мэс ажилбарыг түлхүү хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна.

Түүнчлэн мэдрэлийн эмгэгээс урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, сэргээн засах зэрэг тусламж үйлчилгээг иж бүрэн цогцоор нь үзүүлэх, эмчилгээний чанарыг сайжруулан эрүүл мэндийн бусад байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч мэдрэлийн мэргэжлийн сургалт судалгааг хийдэг орчин үеийн оношилгоо эмчилгээний лавлагаа төв болон ажиллах зорилго тавин ажиллаж байна.

Мэдрэлийн төвийн зорилго:
  • ........

Мэдрэлийн төвийн зорилтууд:
  • .................

  • .................

  • .....................

  • .....................

Пүрвээ Алтанцэцэг

Төвийн дарга

Монгол Улсын дотрын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор, Анагаах ухааны докторант

  • 1994 онд ОХУ-ын Эрхүү хотын АУИС, хүний их эмч
  • 1995 онд ОХУ-ын Эрхүү хотын АУИС, Мэдрэлийн эмчийн интернатур
  • 1999 онд АУДС, Тархины судасны допплерографийн эмч
  • 2004 онд Сингапур улс, Александра эмнэлэг, тархины харвалтын эмнэл зүйн хөтөч мэргэжил дээшлүүлэх курс
  • 2007 онд Малайз, Куала-Лумпур хот, мэдрэл эмгэгийн Кайс-Микс, мэдрэл судлалын сурган зүй чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курс
  • 2012 онд БНСУ-д их сургууль, мэдрэл судлалын чанарын тогтолцоо мэргэжил дээшлүүлэх курс
  • 2015 онд БНХАУ-ын Kunming хот “ Treatment of ischemic cerebrovascular diseases” олон улсын хурал
  • 2015 онд Тайвань улс, Үндэсний их сургууль( NTUH),тархины судасны хэт авиан оношилгоо, тархины харвалтын менежмент мэргэжил дээшлүүлэх курс
  • 2015 онд БНСУ-д Чинбук их сургууль мэдрэл судлалын мэргэжил дээшлүүлэх курс
  • 2016 онд ХБНГУ-ын Берлин хот,мэдрэл судлал, гэмтлийн төвд мэргэжил дээшлүүлэх курс
Ажилласан байдал:
  • 1998-2000 онд ШТЭ, мэдрэлийн эмч
  • 2000-2006 онд ШТЭ, Мэдрэлийн эмч, тархины судасны допплерографийн эмч
  • 2006-2014 онд ШУГТЭ-ийн Статистик, мэдээлэл технологийн албаны дарга, тархины судасны допплерографийн эмч
  • 2014 оноос ШУГТЭ-ийн Мэдрэлийн төвийн дарга, тархины судасны допплерографийн эмчээр ажиллаж байна.
Шагнал:
  • 2004 онд “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль
  • 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, ЭМЯ-ны жуух бичиг
  • 2007 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Сонгуульт ажил, гишүүнчлэл:
  • 2002 оноос–Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн
  • 2002 оноос–Дэлхийн мэдрэлийн холбооны нийгэмлэгийн гишүүн
  • 2014 оноос- ММЭН-ийн гүйцэтгэх захирал
  • 2014 оноос ЭМСЯ-ны мэдрэл судлалын салбар зөвлөлийн гишүүн
  • 2014 оноос НДЕГ-ын дэргэдэх ЭХМТКомиссын мэдрэлийн мэргэжлийн шинжээч эмч

Мэдрэл судлалын тасаг

Тус төвийн мэдрэл судлалын тасаг нь 1964 оны 10-р сарын 14-нд одоогийн эмнэлгийн харъяанд “Голын больниц” хэмээн нэрлэгддэг Туул голын хойд хөвөөнөө аж үйлдвэрийн комбинатын баруун талд байрлах дан жижиг цагаан байшинд анх бие даасан тасаг үүсгэн байгуулагдсан бөгөөд 1965-1970 онд тархины судасны өвөрмөц үрэвсэл, эмнэл зүй, оношлогоо, эмчилгээний чиг хандлагыг боловсруулж, 1970-1975 онд вегетатив мэдрэлийн системийн эмгэгшил, түүний клиник шинж тэмдэг, оношилгооны өвөрмөц арга, эмчилгээний стандартчилал боловсруулсан.

Мэдрэлийн тасагт жилдээ 1300-1500 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, амбулаториор 20000 гаруй үйлчлүүлэгчдэд лавлагаа тусламж үйлчилгээ зөвлөгөө өгч, тархины судасны хэт авиан допплерографи болон тархины цахилгаан бичлэгийн шинжилгээг жилд 7500 орчим үйлчлүүлэгчид хийж улсын хэмжээний оношлогоо эмчилгээний асуудлыг шийдэн, орчин үеийн техник технологи, нотолгоонд суурилсан эмчилгээ оношлогооны шинэ арга барилыг нэвтрүүлж,үйлчлүүлэгсдийг дээдэлсэн багийн тогтолцоог боловсронгуй болгож ажиллах, хамт олны хөгжил дэвшлийг хангах, дэлхийн стандартад дүйцхүйц мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг аюулгүй эрсдэлгүй орчинд чанартай, хүртээмжтэй үзүүлэхээр зорин ажиллаж байна. Тус тасаг нь 35 ортой, 30 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй Үүнд : ШУ доктор Зөвлөх эмч 1, клиникийн профессор-1, АУ магистр болон ахлах болон тэргүүлэх зэргийн эмч нар ажиллаж байна.

Мэдрэлийн мэс заслын тасаг

Анх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын болон Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, Анагаах ухааны доктор, профессор, Мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх эмч Ж.Хайрулла БНСЧСУ-д (хуучин нэрээр) Мэдрэлийн мэс заслын чиглэлээр курст суралцаж ирээд 1966 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн оронд хүний гар хүршгүй эмзэг эрхтэн гэгдэж байсан уураг тархинд мэс засал хийж тархины хавдрыг амжилттай авснаар энэхүү алба гал голомтоо асаасан билээ.

Ж.Хайруллагийн шууд удирдлагаар 1971 оны 5-р сарын 13-нд тус эмнэлгийн бүрэлдэхүүнд Мэдрэлийн мэс заслын анхны тасаг нээгдсэн түүхтэй.

Тус тасаг нь нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо эмчилгээнд 240 мянга гаруй хүн хамруулж 42 гаруй мянган хүн хэвтүүлэн эмчилснээс гадна мэс заслын эмчилгээ 40 гаруй мянган хүнд хийсэн нь эмчилгээний үр дүн 92,9 хувь байна.

Тус тасгийн хамт олон 110 гаруй нэр төрлийн оношлогоо эмчилгээний аргыг практикт нэвтрүүлж ажиллаж байгаагаас гадна 410 гаруй илтгэл, өгүүлэл, 38 ашигтай загварын гэрчилгээ, 16 шинэ бүтээлийн патент авсан.

Одоо тус тасаг нь тархи, мэдрэлийн мэс заслын 35 ор, нуруу-нугасны мэс заслын 5 ор, хагалгааны дараах эрчимт эмчилгээний 8 ортой ажиллаж байна. Академич–1, Анагаах ухааны доктор–2, Зөвлөх зэргийн эмч–1, Клиникийн профессор–7, Анагаах ухааны докторант–2, Анагаах ухааны магистр–3, тэргүүлэх зэргийн эмч–3 гэсэн бүрэлдхүүнтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус тасгийн хамт олны дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар–1, Төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавъяат эмч–2, Хүний гавъяат эмч–1, Төрийн соёрхолт–6 хүн төрөн гарсан билээ.

 

Өнөөдөр тус тасгийн хамт олон дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:
  • Тархины болон нуруу нугасны хавдар авах мэс засал
  • Тархинд цус харвах үеийн мэс засал /бүлэн соруулах/
  • Тархины судасны цүлхэнд хавчаар тавих мэс засал
  • Тархины артерийн судасны цүлхэнгийн мэс заслын явцад 16 МГц давтамжтай датчикаар тархины судасны хэт авиан допплерографын оношилгоо ашиглан, тархины артерийн судасны цусны урсгалыг хянах.
  • Тархины судасны эмгэг сүлжээрлийг авах мэс засал
  • Тархины цус хомсролын судас залгах ( BYPASS, EDAS,) мэс засал
  • Тархины цус хомсролын судас залгах ( BYPASS, EDAS,) мэс заслын явцад 16 МГц давтамжтай датчикаар тархины судасны хэт авиан допплерографын оношилгоо ашиглан, тархины артерийн судасны цусны урсгалыг хянах.
  • Тархины цусхомсрох бага харвалттай өвчтөнд гүрээний артерийн бөглөрлийг илрүүлэн оношилж, артерийн судас доторх бүлэнг авах мэс засал
  • Тархины буглаа болон бэтэг авах мэс засал
  • Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугалам хоорондох мөгөөрсний иврэлтийг авах, хиймэл жийргэвч суулгах болон нугалам бэхлэх мэс засал
  • Гурвалсан мэдрүүлийн өвдөлтийг арилгах мэс засал
  • Өнчин тархины хавдарыг хамрын хөндийгөөр дурангаар
  • Хүүхдийн тархи, нуруу, нугасны төрөлхийн ивэрхийн мэс засал
  • Хүүхэд болон насанд хүрсэн тархины усжилт үүссэн өвчтөнгүүдэд гуурс тавих мэс засал
  • Тархины ясжилтийн үеийн мэс засал зэрэг хагалгаануудыг амжилттай хийж шинэ технологуудийг практикт нэвтрүүлж байна.

Харвалтын тасаг

Монголын Мянганы Сорилын Сан /ММСС/, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын хамтын гэрээний (contract №:CA/MCA-M/MCC/HEA/CS/074/2010) дагуу МСС-гийн санхүүжилт, ДЭМБ-ийн дэмжлэгээр “Харвалт ба зүрхний шигдээс” төсөл 2010-2013 ондМонгол Улсад хэрэгжиж, Эмнэлгийн даргын 2013 оны 8-р сарын 19-ний А/25 тушаалаар “Харвалтын тасаг” үүсгэн байгуулагдсан. Одоогоор тасаг нь 20 ортой 30 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй Үүнд , Анагаах ухааны доктор–1, Зөвлөх зэргийн эмч–1, Клиникийн профессор–1, Анагаах ухааны магистрант–3, тэргүүлэх болон ахлах зэргийн эмч нар ажиллаж байна.

 

Үйл ажиллагааны явцад олон ажлуудыг үр бүтээлтэй санаачилан хийсэн. Үүнээс:
  • Өвчтөний ар гэрийхэнд зориулсан сургалтын хөтөлбөр, тараах материал
  • Тархины харвалтын эмнэлэгт суурилсан бүртгэлийг тасралтгүй хийж байна
  • Төвийн венн,катетрийн иж бүрдэл,асаргаа сувилгааны төрөлжсөн иж бүрдэлтэй булан
  • Харвалтын багийн уулзалтыг тогтмол хийж, эмчилгээ, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулж байна
  • Тасгийг үүсгэн байгуулах үеийн тохижилт: Хурлын өрөө, эмийн өрөө, ажилчдын хувцасны өрөө, эмч нарын өрөө, клизмийн өрөө,ажилчдын ариун цэврийн өрөө
  • Тархины харвалттай өвчтөний асаргаа сувилгааны иж бүрдэл/ивүүр, дэр зөөлөвч гар хөлийн уяа гэх мэт/
  • Гар, бие засах суултуур ариутгах цэг
  • Тархины харвалт, харвалттай өвчтөний асаргаа сувилгаа, хооллолт,байрлал, дэглэмийн талаарх ханын самбар, сургалтын материал,тарааж өгөх боршур зэргийг хэвлүүлэн хийсэн.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн технологи:
  • Тархины шигдээстэй өвчтөнд бүлэн хайлуулах эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэн 28 өвчтөнд амжилттай хэрэглэсэн.
  • Монгол Улсад анхны харвалтын тасгийг үүсгэн байгуулж, эрчимт эмчилгээний төрөлжсөн тусламжийг харвалттай өвчтөнд үзүүлж байна.
  • Тархины харвалттай өвчтөнд цогцоор нь тусламж үзүүлэх харвалтын багийн тогтолцоог нэвтрүүлсэн.

Ангиографийн оношлогоо эмчилгээний тасаг

Монгол улсын анагаах ухааны практикт тархины артерийн судасны ангиографийн шинжилгээг 1969 онд зөвлөх эмч Ж.Хайрулла гүрээний артерийг нээж ил гарган хатгаж хийх арга, 1970 онд их эмч Б.Оюун гүрээ ба суганы артерийг шууд хатгаж хийх аргыг тус тус нэвтрүүлсэн.

Сүүлийн үед тархины судасны олон шалтгаант өвчлөл нэмэгдэж түүний дотор тархины судасны цүлхэн, артер-венийн эмгэг сүлжээрэл, артерийн бөглөрөл, нарийсал, цус харвалт ялангуяа цус хомсрох харвалт олонтой оношлогдох болсон нь ихээхэн анхаарал татаж байна.

Тархины судасны оношилгоонд ПанАГ, СТ-АГ, МРТ-АГ, ДГ,ДСГ зэрэг мэдрэлийн дүрс оношилгооны олон аргууд анагаах ухааны практикт нэвтэрч стандартын дагуу хийгдэж олон арван өвчтөний оношийг тогтоож, баталж, эмчилгээний асуудлыг шийдэж байгаа юм.

 

Судсан дотуурх мэс засал эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи:

 

  • Тархи-хатуу хальсны артери венийн олон тооны фистулийн тэжээгч судсыг суперселектив бөглөх эмчилгээ
  • Тархины гаднах судасны нарийсалд ангиопластик эмчилгээ хийж стент тавих
  • Нугасны Th3-Th4 түвшний артери венийн мальформацийг нугасны артериар суперселектив бөглөх эмчилгээ
  • Тархины гүнд байрлалтай нээлттэй мэс заслаар авах боломжгүй артери венийн мальформацийг судсан дотуурх аргаар бөглөх
  • Тархины суурь хэсгийн байрлалтай, цус алдах эрсдэл өндөртэй, бүрэн авах боломжгүй хэт судасжилттай хавдрын тэжээгч судсыг мэс заслын өмнөх суперселектив бөглөх эмчилгээ зэрэг технологуудийг практикт нэвтрүүлэн ажиллаж байна.

Мэдрэлийн төв нь төвлөрлийг сааруулах зорилгоор үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийг орон нутагт нь оношлон эмчлэх чадвар бүхий өндөр нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч, мэргэжилтнийг бэлтгэх сургалтуудыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж ирсэн.

Тус төвийн эмч мэргэжилтнүүд ХБНГУ-ын Ульм, Халле хотын мэдрэлийн төв, Австрали, Тайваны Үндэсний их сургуулийн төв эмнэлэг, Хятадын АУИС-ийн төв эмнэлэг, Солонгосын Ионсей, Самсунг, Северенсе эмнэлгийн болон ОХУ, Япон, АНУ-ын төв эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлэн суралцаж хамтран ажиллаж байна.

Цаашид мэдрэлийн төв нь дэлхийн жишигт хүрэхүйц олон улсын стандартыг хангасан мэдрэлийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэхийн тулд тархины харвалтын нэгдсэн баг, мэдрэлийн дегенартив өвчний нэгдсэн баг, эпилепсийн бичил төв зэрэг мэргэшсэн мэргэжлийн багуудтай болох зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр бид үндэсний хэмжээнд хүн амд мэдрэлийн мэргэшсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгч, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтыг хослуулан явуулах боломж бий болно.