360 гаруй сувилагч оролцсон, сувилахуйн хөгжил ба нотолгоонд суурилсан тусламжийг хэлэлцсэн Үндэсний XII сургалт, семинар амжилттай боллоо
2026-04-24
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Сувилагчийн хүч – Чанартай тусламж, аюулгүй орчин – Тогтвортой хөгжил” сэдэвт Үндэсний XII сургалт, семинар 2026 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт, семинар нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ арга технологийг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Арга хэмжээнд нийслэл болон орон нутгийн 45 байгууллагын 360 гаруй сувилагч, тусгай мэргэжилтний төлөөлөл оролцлоо.
Сургалт, семинарын эхний өдөр “Сувилагчийн хүч” сэдвийн хүрээнд зочин лекцүүд, “Сувилагч мэргэжилтний оролцоо” симпозиум, “Нотолгоонд суурилсан сувилахуй” судалгааны илтгэлийн хуралдаанууд зохион байгуулагдав. Энэ үеэр Япон улсын сувилахуйн эксперт, эрдэмтэн судлаачид, анагаах ухааны их, дээд сургуулийн профессор багш нар, төв эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн төвүүдийн төлөөлөл оролцож, сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага, манлайлал, чанар, орчин үеийн чиг хандлага, сайн туршлагын талаар санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус арга хэмжээний хүрээнд нийт 8 зочин илтгэл, 10 судалгааны илтгэл хэлэлцэгдэж, 75 судалгааны бүтээл ирүүлэн оролцсон нь сувилахуйн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Хоёр дахь өдөр 14 өртөөт дадлага сургалт зохион байгуулагдаж, оролцогчид шинэ мэдлэг, ур чадвараа бататган, харилцан туршлага солилцлоо.
Энэхүү сургалт, семинар нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн манлайлал, оролцоо, мэргэжлийн хөгжлийг дэмжсэн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Сургалт, семинарыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn