Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралт өндөр хэвээр байгаа ч эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдах идэвх харьцангуй бага байна. Судалгаа, статистик мэдээллээс харахад осол гэмтэл, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг амьдралын хэв маягтай холбоотой эрсдэл эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлсээр байна.
Амбулаторийн үзлэгийн тоо эмэгтэйчүүдээс 1.6 дахин бага байгаа нь эрэгтэйчүүд өвчнөө хүндрэх хүртэл эмнэлэгт хандахгүй байх хандлага түгээмэл байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт нийт нас баралтын 18.6 хувийг эзэлж байгаа бөгөөд зам тээврийн осол, амиа хорлолт, үйлдвэрлэлийн осол зэрэг үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс өндөр байна.
Мөн архи, тамхины хэрэглээ, таргалалт, хөдөлгөөний дутагдал зэрэг эрсдэлт хүчин зүйлс эрэгтэйчүүдийн дунд түгээмэл байгаа нь зүрх судас, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.