“Олон улсын Төрийн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн нийтлэг үйлчилгээний албадын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Нийтлэг үйлчилгээний ажилтны нэрэмжит сар”-ын аяныг 2026 оны 6 дугаар сарын 1-нээс 30-ны өдрийг хүртэл “Өнөөдрийн хариуцлага – Маргаашийн амжилт” уриан дор 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Аяны хүрээнд мэргэжлээ сурталчлан таниулах өдөрлөг, “Эмнэлгээ гялалзуулъя” аян, бусад эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах, эмнэлгийн соёл үйлчилгээ болон инженер техникийн албадын журмыг шинэчлэн боловсруулах, 5S ажлын байрны эмх цэгцийг сайжруулах, гадна орчны тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Мөн өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад зориулсан “Эмнэлгийн цэвэрлэгээ үйлчилгээний стандарт” сэдэвт сургалт зохион байгуулж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.
Үүнээс гадна хүчилтөрөгчийн үйлдвэрийн агааржуулалтыг сайжруулах, ус дулаан дамжуулах төвийн горимын тохируулга хийх, эмнэлгийн гаднах тамхины цэгийн тохижилтыг шинэчлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Нийт 21 төрлийн үйл ажиллагааг багтаасан энэхүү аяны гол зорилго нь нийтлэг үйлчилгээний албадын оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг илүү шуурхай, хэвийн явуулахад оршиж байна.