Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа
2026-06-02
Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг. 2026 онд энэхүү өдрийг “Unmasking the appeal – Countering nicotine and tobacco addiction” буюу “Сонирхол татах өнгөлөн далдлалтыг илчилж, никотин ба тамхины донтолттой тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн аяны хүрээнд тамхи, никотины бүтээгдэхүүний хэрэглээний эрсдэл, хор нөлөөний талаар олон нийтэд мэдээлэл түгээх, хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусыг донтолтоос урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан Уушги Судлалын Төвийн эмч, сувилагч, резидент эмч нар 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр төвийн үйлчлүүлэгчид болон иргэдэд тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулав. Мөн Ерөнхий боловсролын Эрдмийн Ундраа сургуулийн сурагчид, эцэг эхчүүд болон Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн алба хаагчдад сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.
Түүнчлэн тамхины хэрэглээтэй холбоотой эрүүл мэндийн эрсдэлийн талаар мэдээлэл бүхий постер, гарын авлага тарааж, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тамхинаас татгалзах сэдэл төрүүлэх чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэв.
Тамхинаас татгалзах нь зөвхөн хувь хүний төдийгүй гэр бүл, хамт олон, нийгмийн эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм.
 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn