Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, байгууллагын үр ашиг, ажилтны бүтээмж, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Гүйцэтгэл–Бүтээмж–Хариуцлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, үр дүнд суурилсан удирдлага, байгууллагын үр ашиг болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төр, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын туршлага, мэдлэгийг нэгтгэн хэлэлцсэнээрээ онцлог байв.
сургалт, хэлэлцүүлэгт эмнэлгийн удирдлагууд, тасаг, төв, албадын эрхлэгчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон захиргааны ажилтнуудын төлөөлөл бүхий 170 гаруй ажилтан оролцлоо.
Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарын удирдлага, санхүүжилт, даатгалын тогтолцоо, байгууллагын үр ашиг, процессын удирдлагын чиглэлээр ажиллаж буй нэр бүхий төлөөллүүд дараах сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:
• Д.Байгал, Удирдлагын академийн захирал, доктор, профессор – “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны чадамж”
• Л.Отгонтуяа, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор, профессор – “Эрүүл мэндийн байгууллагын үр дүнд чиглэсэн, гүйцэтгэлд суурилсан төсөвлөлт, санхүүжилт”
• Г.Амаржаргал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зөвлөх – “Эрүүл мэндийн салбарын үр ашиг”
• Т.Батсүх, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төрийн санхүүгийн удирдлагын ахлах зөвлөх – “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт”
• Б.Янжиндолгор, ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, анагаах ухааны магистр – “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын шинэчлэл”
• Л.Баярцэцэг, “Чанарыг иргэн бүрийн эрүүл мэндэд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, АНУ-ын Режисийн их сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын ухааны магистр – “Эмнэлгийн үйл ажиллагаанд процессын дүн шинжилгээ хийх замаар үр ашгийг сайжруулах нь”
Илтгэл, хэлэлцүүлгийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэл, бүтээмж, санхүүгийн тогтвортой байдал, нөөцийн оновчтой ашиглалт, удирдлагын манлайллын асуудлыг олон өнцгөөс авч үзэж, салбарт хэрэгжиж буй бодлого, шинэчлэлийн талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өглөө.
Түүнчлэн үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, ажилтны гүйцэтгэлийг бодит үр дүнгээр үнэлэх, байгууллагын нөөцийн төлөвлөлт, ашиглалтыг сайжруулах, бүтээмж ба үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж болох туршлага, шийдлүүдийг хэлэлцэн санал солилцов.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн хүрээнд ажилтны гүйцэтгэлийн үнэлгээ, нөөцийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, байгууллагын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатайг оролцогчид онцолсон юм.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй шинэчлэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн бодлогыг байгууллагын түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, туршлагыг түгээхийн зэрэгцээ УГТЭ-ийн гүйцэтгэл, бүтээмж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодит шийдэл, хөгжлийн чиглэлийг тодорхойлсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.