УГТЭ сүүлийн 10 гаруй жил өр төлбөргүй ажиллаж, энэ үр дүнгээ 2026 оны эхний хагас жилд ч хадгалсан нь удирдлагын зөв менежмент, санхүүгийн сахилга бат, хүний нөөцийн оновчтой төлөвлөлт, үйл ажиллагааны зөв зохион байгуулалт, нийт ажилтнуудын хариуцлагатай, үр дүнтэй гүйцэтгэлийн үр дүн байлаа.
Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногт Монгол Улсад Эрүүл мэндийн ажилтны өдрийг тэмдэглэдэг. Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон энэ өдрийг “Гүйцэтгэл–Бүтээмж–Үр дүн” уриан дор тэмдэглэж, 2026 оны эхний хагас жилийн ажил, үр дүн, ололт амжилтаа дүгнэн хүндэтгэлийн өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр эмнэлгийн удирдлагын баг хагас жилийн ажлын үр дүнгээ хамт олондоо танилцуулж, тусламж, үйлчилгээ, шинэ технологи, олон улсын хамтын ажиллагаа, хүний нөөц, ажилтнуудын нийгмийн хамгаалал зэрэг чиглэлээр хийсэн ажлаа нэгтгэн танилцууллаа.
Тухайлбал, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ шинэ арга, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажилласан байна. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын Pulsed Field Ablation (PFA) технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, эхний зургаан тохиолдлыг амжилттай эмчилсэн нь энэ оны онцлох ажлын нэг байлаа.
Мөн олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, таван улсын зургаан байгууллагын 34 профессор, мэргэжилтэнтэй хамтран ажиллан, 278 хүнд үзлэг хийж, 28 хүүхэд, 73 насанд хүрэгчид нийт 101 мэс засал хийжээ. Энэ хүрээнд шинэ арга, технологийг Монголд нутагшуулахын зэрэгцээ эмч, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдсэн байна.

Хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын сургалт, эрдэм шинжилгээний хуралд хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарчээ. Үүний зэрэгцээ эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн технологийн шинэчлэлийг хийж, эмч, ажилтнуудын ажиллах орчин болон өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлсэн байна.
Ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд чиглэсэн ажлуудыг мөн үргэлжлүүлж, хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулжээ.
Эдгээр ажлыг тогтвортой үргэлжлүүлэхийн зэрэгцээ төсөв, санхүүгийн сахилга батад анхаарч ажилласан байна. Эрүүл мэндийн салбарын төсөв, санхүүгийн нөхцөл хүндрэлтэй байгаа хэдий ч УГТЭ сүүлийн 10 гаруй жил өр төлбөргүй ажиллаж, 2026 оны эхний хагас жилд ч энэ үр дүнгээ хадгалжээ. Төсөв, санхүүгээ зөв төлөвлөж, нөөцөө оновчтой хуваарилан, зардлыг үр ашигтай зарцуулж ирсний зэрэгцээ 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл аудитын шалгалтаар зөрчилгүй гарсан нь байгууллагын санхүүгийн менежментийн үр дүнг харууллаа.
Энэ оны онцлох амжилтын нэг нь УГТЭ-ийн эмч нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээл Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн явдал байлаа. Олон жилийн судалгаа, эмчилгээний туршлага, шинэ технологийг эх орондоо нутагшуулахын төлөө ажилласан эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг төрөөс ийнхүү өндрөөр үнэлсэн юм.
Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, үр бүтээлтэй ажилласан алба, тасаг, нэгжүүдийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэргэжилдээ үнэнчээр зүтгэн, хамт олноо манлайлан ажилласан эмнэлгийн ажилтнуудыг Засгийн газрын болон бусад шагнал, урамшууллаар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн юм.
Ийнхүү “Гүйцэтгэл–Бүтээмж–Үр дүн” уриан дор зохион байгуулсан Эрүүл мэндийн ажилтны өдрийн өдөрлөгөөр хийсэн ажлаа дүгнэж, хүрсэн үр дүн, гаргасан амжилтаа хамт олонтойгоо хуваалцан, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй ажилтан бүрийн хөдөлмөрийг онцолсон баярын өдөр боллоо.
УГТЭ-ийн хүрсэн үр дүн, гаргасан амжилт бүрийн ард өвчтөний эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө өдөр бүр хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэл бий.
Нийт хамт олондоо Эрүүл мэндийн ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.