ЭЛЭГ ӨВДӨХӨӨСӨӨ ӨМНӨ ДОХИО ӨГДӨГГҮЙ
2026-07-28
Жил бүрийн 7 дугаар сарын 28-нд дэлхий нийтээр Дэлхийн вируст гепатиттай тэмцэх өдөр-ийг тэмдэглэдэг. Энэ өдрөөр вируст гепатитын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгоо, дархлаажуулалт, эмчилгээний хүртээмжийг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2026 оны тайланд дурдсанаар, дэлхий даяар 287 сая хүн архаг В болон С вируст гепатиттай амьдарч, жил бүр 1.3 сая хүн элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг хүндрэлээр амь насаа алдаж байна.
Вируст гепатит нь эхэн үедээ тодорхой шинж тэмдэггүй явагддаг ч эрт илрүүлж, цаг алдалгүй эмчилснээр элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
2026 онд Дэлхийн вируст гепатиттай тэмцэх өдрийг “Hepatitis: Let’s Break It Down” буюу “Вируст гепатитын эсрэг саад бэрхшээлийг хамтдаа арилгая” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү уриа нь хүн бүрийг шинжилгээ, дархлаажуулалт, оношилгоо, эмчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулахын ач холбогдлыг онцолж байна.
#Өнөөдөр шинжилгээ өгье.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn