Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чиглэлээр хуримтлуулсан мэдлэг, туршлагыг Лаосын эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хуваалцах хамтын ажиллагаа өргөжиж байна.
БНАЛАУ-ын Махосот болон Миттафап эмнэлгийн зүрх судасны эмч нар 2026 оны наймдугаар сарын 17-ноос Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн Зүрхний шигдээсийн тасагт судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чиглэлээр суралцаж, практик туршлага судалж байна. Мөн сувилагч, техникчид ажлын байрны сургалтад хамрагдана.
2025 онд тус эмнэлэгт Лаосын 2 эмч, 2 сувилагч суралцсан бол хамтын ажиллагааны үргэлжлэл болгон 2026 оны есдүгээр сард 2 эмч, 2 сувилагч ирж суралцахаар төлөвлөжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэй MON/007 төсөл болон БНАЛАУ-д хэрэгжиж буй LAO/035 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Талууд зүрх судлалын чиглэлээр чадавх бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.
Ийнхүү Монголын зүрх судлалын салбарын мэдлэг, туршлагыг хуваалцаж, хоёр улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцан суралцах, чадавх бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.