ХҮРЭЭ РОТАРИ КЛУБ ТЭРГҮҮТЭЙ ОЛОН УЛСЫН РОТАРЧУУД УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ӨНДӨР ӨРТӨГ БҮХИЙ ТАРХИНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАЛАА
2025-06-17

Дэлхий даяар 1,4 сая гаруй гишүүнтэй 120 жилийн түүхтэй Олон улсын Ротари байгууллага нь “Өөрөөсөө давж бусдад тусалъя” уриатайгаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллага бөгөөд Олон улсын Ротари хөдөлгөөн Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсний 30 жилийн түүхт ой энэ 2025 онд тохиож байна.
✅ Олон улсын Ротари байгууллагын харьяанд Монголд үүсгэн байгуулагдсан хоёрдахь ууган клуб болох “Хүрээ” Ротари клуб өнөөдрийг хүртэл Монгол улсын Эрүүл мэндийн салбарт маш олон тооны хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдаг.
✅ Энэ удаа Олон улсын Ротари байгууллагын 3450 дугаар дүүргийн “Хүрээ” Ротари клуб, 3590 дугаар дүүргийн Солонгосын “Geoje Big Dragon” Ротари клубтэй хамтран Монгол улсад хараахан эмчлэгдэх боломжгүй байгаа Тархины ховдлын хавдрын мэс засал эмчилгээг нутагшуулахад бодит хувь нэмэр оруулах зорилгоор Олон улсын 2573794 дугаартай Глобал Грант төсөл хэрэгжүүлж, нийт 98 мянган ам доллар (352.5 сая төгрөг)-ын өртөг бүхий “Тархи усжилт, тархины ховдлын хавдрын үед хэрэглэгдэх дурангийн бичил мэс заслын багаж хэрэгсэл”-ийг Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт 2025 оны 6-р сарын 16-ны өдөр хандивлалаа.

✅ Дээрх хандивын багцад тархины ховдлын хавдар болон тархи усжих (гидроцефали) эмгэг оношлогдсон насанд хүрэгч болон хүүхдүүдэд өндөр түвшний нарийн технологийн мэс заслын тусламжийг үзүүлэхэд зориулагдсан, тухайлбал тархины ховдлын дурангийн иж бүрдэл, хамрын хүрцээр гүний байрлалтай хавдар авах дурангийн иж бүрдэл, тархины мэс заслын микро багажууд, тархины цусны урсгалыг хянах төхөөрөмж зэрэг багаж хэрэгслүүд багтсан байна.
✅ Тархины мэс заслын багаж хэрэгслийг хандивлаж гардуулсан Ротари клубын төлөөлөгчид “Энэхүү хандиваар дамжуулан өнөөдрийг хүртэл эх орондоо хийх боломжгүй байсан нарийн төвөгтэй хагалгааг хийж эхлүүлээсэй, гадаадад явж өндөр өртөг, зардлаар эмчилгээ хийлгэдэг Монгол иргэдийн урсгалыг бууруулахад хувь нэмэр болоосой хэмээн хүсч, эдгээр багаж хэрэгслийг та бүхэнд гардуулж байна. Зэвсэг байгаад сайн дайчид байхгүй бол ялалт байхгүй. Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархи мэдрэлийн мэс заслын эмч нарын ур чадвар, мэдлэгт итгэж байгаа учраас, тэдний нэг ч гэсэн өвчтөнөө эдгээх чин хүсэл сэтгэлд Ротарийн гишүүд бид дэм өгч байгаадаа баяртай байна.
✅Бидний санаачилгыг дэмжиж хамтран оролцож, өнөөдрийн бодит үр дүнг бий болгоолцсон Ротаричууд, гэр бүл найз нөхөддөө талархаж байна” хэмээн онцлон хэллээ.
✅Олон улсын Ротарчуудын хандивласан эдгээр багаж хэрэгсэл нь амь насанд аюул учруулах өндөр эрсдэлтэй тархины олон төрлийн эмгэгийн үеийн мэс засал эмчилгээний чадавхийг бүрдүүлэхийн зэрэгцээ тархины гүний, ховдлын байрлалтай хавдар, ялангуяа хүүхдийн тархины усжилт зэрэг өвчний үеийн мэс засал эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, Монголын тархи мэдрэлийн мэс заслын эмч мэргэжилтнүүдэд илүү үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа ач холбогдолтой юм.