Монгол Улсад Зүрх судасны Үндэсний төв байгуулах төсөл бодит ажил болж байна.
2026-04-10
Монгол Улсын хүн амын дунд зонхилох өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй зүрх судасны өвчлөлийг бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний томоохон төсөл бодит ажил хэрэг болж байна.
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэг-т зочилж, “Зүрх судасны Үндэсний төв” байгуулах төслийн явцтай танилцлаа.
Айлчлалын үеэр эмнэлгийн удирдлага зүрх судасны тусламж үйлчилгээний хөгжил, сүүлийн 25 жилийн хугацаанд Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж ирсэн төслийн бодит үр дүн, ололт амжилтыг танилцуулсан бөгөөд төлөөлөгчид хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг-ийн захирал Ц.Төмөр-Очир тус эмнэлэг нь 1954 онд байгуулагдсан үндэсний лавлагаа төв бөгөөд зүрх судас, мэдрэлийн чиглэлээр тэргүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгааг онцоллоо. Мөн Монгол Улсад зүрх судасны өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгааг тэмдэглэв.
Монгол Улс, Люксембургийн хамтын ажиллагааны хүрээнд 2001 оноос хэрэгжиж буй таван үе шаттай энэхүү төсөл нь зүрх судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон улсын түвшинд хүргэхэд чухал нөлөө үзүүлж байна. Одоогоор 21 аймаг, 9 дүүргийг хамарсан дөрвөн үе шат амжилттай хэрэгжиж, тав дахь шат болох Үндэсний төв байгуулах ажил үргэлжилж байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд тус эмнэлэг гадаадад хийгддэг байсан зүрх судасны нарийн мэс заслыг эх орондоо амжилттай нутагшуулж, 6500 гаруй хагалгаа хийж, 39 тэрбум төгрөгийн валютын урсгалыг дотооддоо үлдээсэн нь бодит үр дүн болж байна.
Цаашид 2025–2029 онд 120 ортой, орчин үеийн иж бүрэн “Зүрх судасны Үндэсний төв” байгуулагдсанаар оношилгоо, мэс засал, яаралтай тусламж, сэргээн засах эмчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.
Энэхүү айлчлал нь Монгол, Люксембургийн эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг улам бэхжүүлж, зүрх судасны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах чухал үйл явдал боллоо.
 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn