2013 онд ШУГТЭ-т хүн амд үзүүлэх зүрх, мэдрэлийн тусламж үйлчилгээний Үндэсний хэмжээний мэргэжлийн төвүүд ажиллаж, нарийн мэргэжлийн зүрх, мэдрэлийн мэс засалч, судас дотуур оношлогооны эмч, мэргэжилтэн, инженер техникч болон хамтран ажиллах нарийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүн бүрдсэн байсан. ЭМ-ийн Сайд асан С.Ламбаа тархины харвалт, зүрхний шигдээс өвчнийг оношлох, эмчлэх, яаралтай тусламж үзүүлэх дэлхийн жишигт нийцсэн тасгийг байгуулахаар АНУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байсан төслөөс 1 сая 150.000 ам долларын хөрөнгө оруулалтыг шийдсэн. Мөн ДЭМБ-аас үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэмэлт 1,4 сая хөрөнгө оруулалтыг хийснээр “Тархины харвалт ба зүрхний шигдээс” төсөл хөрөнгөжиж Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилан, удирдлага, хамт олны нөр их хөдөлмөрөөр 2010-2013 онуудад хэрэгжсэн. Мянганы Сорилын Сангийн санхүүжилт, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгээр хэрэгжсэн “Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн хүрээнд Монгол Улсад анхны “Харвалтын тасаг” (Department of Stroke)-ийг УГТЭ-ийн дарга Ц.Төмөр- Очирын (АУ-ны доктор, дэд профессор) 2013 оны 08 сарын 12–ны өдрийн А/25 тушаалаар 20 ортой, 5 эмч, 12 сувилагчийн орон тоотой ажиллах, тасгийн эрхлэгчээр Ж.Ариунаа (Мэдрэлийн төвийн дарга хавсран ажиллахаар), тасгийн ахлах сувилагчаар мэдрэл судлалын тасгийн сувилагч Ц.Ариунбуян нарыг томилж, тасаг нээж ажиллуулах бүхий л ажлыг удирдан гүйцэтгэхийг хариуцуулсан. Энэ дагууд шинээр баригдсан өргөтгөлийн 4 давхарт төслийн хүрээнд ханган нийлүүлсэн багаж тоног төхөөрөмжийг Сетунари ХХК 8 сард суурилуулсан. 9, 10 сард засвар үйлчилгээ, хангамж, бусад бүх ажиллагааг эмнэлгийн хамт олны хамтын хүчээр босгож, багаж төхөөрөмжөө ажиллуулж сурах сургалт хийгдсэнээр үндсэндээ тасаг бэлэн болсон.
Өндөр хүчдэлийн тусгайлсан үүсгэвэр шинээр барьж, эрчимт эмчилгээнд шаардлагатай хийн 3 шугам шинээр нэмж тавьсан. Шинэ ажилд тулгарах асуудал олон байсан ч эмнэлгийн дарга, удирдлагын байнгын хөөцөлдлөгөө, инженер техникийн ажилчдын нөр хөдөлмөр, цэвэрлэгээ үйлчилгээний баг, олон мэргэжлийн эмч, сувилагч нарын хамтын хүчээр тасаг үүсэн байгуулагдсан.
Анхны бүлэн уусгах эмчилгээг эрчимт эмчилгээний тасагт харвалтын тасаг нээхээс өмнө тухайн өдрийн жижүүрийн мэдрэлийн эмч М.Ичинхорлоо, ЭЭТ-ийн эмч Ш.Энх-Амгалан нарын 2013 оны 8 сарын 13-ны ээлжинд харвалтын анхны шинж илрээд 1 цагийн дараа 103-аар манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн 78 настай, эрэгтэй эмчлүүлэгч Д.А-д хийсэн. Их эмч Ж.Ариунаа, Ө.Сараа дуудагдан ирж, өвчтөнг үзэж, бүлэн уусгах эмчилгээ хийх шийдвэр гарган, ар гэрийнхнээс зөвшөөрөл авч, сувилагч Б.Болорцэцэг зааврын дагуу венийн судсанд бүлэн уусгах эмчилгээ болох Алтеплазаг 0,9 мг/кг-аар бодож тарьсан. Бүлэн уусгах эмчилгээний протоколын дагуу хянаж хоноод, маргааш өглөө ирэхэд гар хөлийн мэдээ нь бүрэн сэргэчихсэн гайхалтай үр дүнг хараад бидний эмч сувилагч, өвчтөний ар гэр бүгдээрээ маш их баярлаж билээ.
Тасгийг нээн ажиллуулахад тархины харвалттай, хүнд эмчлүүлэгчтнй ажиллах хэцүүхэн ажлаас шантралгүй, сэтгэл, зүтгэл нэгтэй ажлын гараагаа эхэлсэн эмч Ж. Ариунаа, Н. Лхамцоо, Г.Байгалмаа, ахлах сувилагч Ц.Ариунбуян, ээлжийн 6 сувилагч Б.Болорцэцэг, Ж.Болормаа, Б.Баярсайхан, Ч.Тогтохжаргал, Т.Мөнхбаатар, Н.Отгонжаргал нар ажилсаг, эвсэг хамт олныг бүрдүүлсэн анхдагчуудтайгаар 2013 оны 11-р сарын 06-нд анхны эмчлүүлэгчээ хэвтүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Харвалтын тасаг нь 20 ортой. Эрчимт эмчилгээний 10 ортой “A” хэсэгт харвалт болсноос хойших эхний 3 хоногт байгаа хүнд хэлбэрийн харвалт, даамжрах явцтай харвалт, тархины багана шахагдлын шинжтэй харвалт болон бүлэн уусгах эмчилгээ хийх эмчлүүлэгчдийг цаг алдалгүй хүлээн авч эмчилнэ. Эмчлүүлэгчийг 1-3 хоног, шаардлагатай үед 7 хоног хүртэл хэвтүүлэн эмчилж, оношийг тодруулан мэс засал эмчилгээний болон эрчимтийн дараах тасаг, доод шатлалын эмнэлэг болон бусад шаардлагатай тасгуудад шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлнэ. Харвалтын нэгжийн 10 ортой “Б” хэсэгт эхний 3 хоногт байгаа тархины цус хомсрох харвалтын хэлбэрүүд, бүлэн уусгах эмчилгээ хийх эмчлүүлэгсдийг, тархины ангиографи, интервенци эмчилгээ хийх заалттай цус хомсрох харвалт, давталттай явагдаж буй тархины цус тасалдах дайралтай өвчтөнд харвалтын эрт үеийн эрчимт эмчилгээний тусламж 3-14 хоног хэвтүүлэн эмчилж үзүүлнэ. Оношийг тодруулан, эмчилгээний заалтыг гарган харвалтын эрт үеийн сэргээн засах эмчилгээг эхний 24 цагт эхлүүлэн, цаашид доод шатлалын эмнэлэг, шаардлагатай тасагт шилжүүлэн эмчилж байна.
Нотолгоонд суурилсан эмнэлзүйн шинэ удирдамж, гарын авлага шаардлагатай болсон тул тархины харвалт, зүрхний шигдээс, сэргээн засах тусламж үйлчилгээний үндэсний эмнэлзүйн удирдамжуудыг боловсруулах 4 дэд ажлын хэсгүүд (зүрхний шигдээсийн баг 17 гишүүн, харвалт ба зүрхний шигдээсийн мэдрэлийн баг 18 гишүүн, сэргээн засах тусламж үйлчилгээний баг 20 гишүүн) ЭМ-ийн Сайдын 2011 оны 211 тоот тушаалаар байгуулагдан ажиллаж, эдгээр баг амжилттай ажиллаж “Тархины цочмог харвалт”, “Зүрхний цочмог шигдээс”, “Тархины харвалтын сэргээн засахын удирдамж”, “Зүрхний шигдээсийн сэргээн засахын удирдамж”-уудыг боловсруулан, хэлэлцүүлж, ЭМС-ын 2013 оны 01 сарын 18-ны А\27 тушаалаар батлагдан гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатлалд хэрэглэж эхэлсэн.
Харвалтын тасгийн хамт олон 10 жилийн хугацаанд, дэлхийн хэмжээнд баримталж байгаа үйл ажиллагааны зарчим, дотоод журам, заавар протокол, гарын авлагууд, шаардлагатай зарим маягтуудыг боловсруулан, мөрдөн ажиллаж байна. Эмч сувилагч нар үргэлж шинийг эрэлхийлж, ТХ-ын хэвшинж бүрээр хянах хуудас, эмчилгээний цахим хуудас, эмнэлгээс гарах үеийн эпикриз, зөвлөгөөнүүд, бүлэн уусгах эмчилгээний аргачлал, ҮЭМИХ үнэлгээний гарын авлага, эмчлүүлэгчдийн ар гэрийн сургалтын хичээл, харвалтын багийн уулзалт, хэлэлцүүлэг, сувилахуйн үнэлгээ зэрэг эмчилгээний чанар шалгаж, хянах, ажил хөнгөвчилсэн олон ажлуудыг санаачлан хийсэн. Харвалтын тасгийн хамт олон ажил үйлсээрээ байнга манлайлан ажиллаж, 7 удаа байгууллагын аварга тасгаар шалгарсан.