Сэргээн засах төв нь оношилгоо эмчилгээний чиглэлээр хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл ярианы эмгэг засал, цахилгаан эмчилгээний нийт 56 төрлийн аппарат тоног төхөөрөмж ашиглаж, тархины харвалт, зүрхний шигдээс, мэдрэл мэдрэлийн мэс засал, амьсгал, зүрх судас, үе мөчний, дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна.
2016 оноос тус тасаг нь амбулаторийн сэргээн засах эмчийн үзлэгийн кабинет, өдрийн эмчилгээний хэсгийн нээн ажиллуулж эхэлсэн.
2019 онд Монгол улсын хэмжээний сэргээн засах төвийн стандартыг шинээр боловсруулж батлуулсан.2024 оны 6 сараас эхлэн дагнасан сэргээн засах хэвтүүлэн эмчлүүлэх 10 ортой тасгийг нээн ажиллуулж эхэлсэн. Тус төвийн хамт олон нь сэргээн засах эмчилгээний чиглэлээр чадварлаг хүний нөөцийг хөгжүүлж төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг багаар стандартын дагуу чанартай хүртээмжтэй үзүүлэн эмчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ойрын ирээдүйд олон улсын жишигт хүрэхүйц үйл ажиллагаатай болж хөгжихийн төлөө чин эрмэлзлэлтэй ажиллаж байна.
Төвийн хэмжээнд жилдээ амбулатори болон стационарын 7000 орчим үйлчлүүлэгчдэд сэргээн засах тусламж үйлчилгээг стандарт удирдамжийн дагуу чанартай үзүүлснээр халдварт бус өвчний шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 гаруй хувиар бууруулж байна.
1959-1985 онд Чингэлтэй хороонд эмнэлгийн амбулаторид физик эмчилгээний кабинет нээгдэж бага эмч Т.Лхамжав удирдан гэрэл, цахилгаан эмчилгээний 4 аппараттайгаар ажиллаж эхэлжээ.
1961 онд Нэгдсэн III эмнэлгийн амбулаторид шилжин Реаблитацийн тасаг болон өргөжиж их эмч 1, бага эмч 1, сувилагч 5 орон тоотойгоор өргөжсөн.
1964 оноос Ж.Янжин физик эмчилгээний сувилагчийн мэргэжил эзэмшин, 1974 онд их эмч Н.Кригизов зүүний курст суралцан мэргэшсэн нь тус тасгийн хувьд анхны мэргэжилтэн болсон.
1980 оноос тусламж үйлчилгээ улам өргөжин их эмч 4, сувилагч бага эмч 1, сувилагч 7 нийт 12 орон тоонд түшиглэн цахилгаан, биеийн тамир, иллэг, дулаан эмчилгээний хэлбэрүүдээр тусламж үйлчилгээ үзүүлэх болжээ.
1985 оноос эмнэлгийн шинэ байранд шилжин, нөхөн сэргээх эмчилгээний тасаг нэртэйгээр өргөжиж их эмч 5, бага эмч 5, сувилагч 13, асрагч 9 нийт 32 орон тоотойгоор эмийн бус эмчилгээ үйлчилгээг үзүүлж ирсэн.
2013-2014 он Сэргээн засах эмчилгээний тасаг нэртэй өргөжин, зонхилон тохиолдох өвчин, тархины харвалт, зүрхний шигдээс, мэдрэл мэдрэлийн мэс засал, амьсгал, зүрх судас, үе мөчний, дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд гэх мэт олон төрлийн өвчний үеийн сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болсон.
2014 оноос анхны хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын мэргэжилтэн ажиллаж эхэлсэн.
2024 оны 6 сараас эхлэн Дагнасан сэргээн засах хэвтүүлэн эмчлүүлэх 10 ортой тасгийг нээн үүндээ тархи мэдрэл, үе мөч тулгуур, хавдрын мэс заслын дараах сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна.