ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ТӨВ
Танилцуулга

Зүрхний хэм судлалын төв нь 2021 оноос хойш улсын хэмжээнд зүрхний хэм судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлж, бусад эрүүл мэндийн байгууллагуудын зүрхний хэм судлалын чиглэлийн тусламж үйлчилгээг удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа УГТЭ-ийн хамгийн залуу нэгж юм. 2011 онд Х.Мөнгөн-Өлзий эмч олон улсад суралцан, 2012 онд олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, хяналттайгаар пейсмейкер суулгац эмчилгээг хийсэн.

2015 онд Зүрхний хэм судлалын баг байгуулагдсан. 2016 онд электрофизиологийн лаборатори үүсгэн байгуулагдсан. 2021 онд Зүрхний хэм судлалын төв үүсгэн байгуулагдаж 10 ор, 1 катетр лабораторитойгоор 4 эмч, 2 сувилагч, 1 инженерийн бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан. Монгол улсын хэмжээнд зүрхний хэм судлалын чиглэлд пароксизмт ховдлын дээрх тахикарди, тосгуурын тахикарди, тосгуурын жирвэгнээ, тосгуурын чичиргээ, ховдлын эртэдсэн агшилт, ховдлын тахикарди, синкоп, зүрхний архаг дутагдал зэрэг эмгэгүүдийн үеийн тусламж үйлчилгээг амбулатороор болон хэвтэн эмчлүүлж үйлчилж байна. Үндсэн 2 чиглэлд судсан дотоорх эмчилгээ хийдэг. Үүнд суулгац эмчилгээ (байнгын пейсмейкер, түр пейсмейкер, зүрхний дефибрилятор суулгац, зүрхний ресинхронизаци суулгац, физиологийн пейсинг, олон жилийн ЗЦБ хяналтын суулгац) ба дээр дурьдсан хэм алдагдлуудын аблаци эмчилгээ (түлэх болон хөлдөөх), эдгээр эмчилгээний дараах хяналт хийгддэг.

ЗХСТ болон өсөн дэвжихэд Люксембургийн их гүнт улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Зүрх судасны төв төслийн хувь нэмэр туйлын өндөр юм. Төвийн эмч, сувилагч, инженер, техникч нар бүгд гадаад сургалтад Европын зүрхний академи, ХБНГУ, Тайвань, БСНУ, АНУ,  БНТУ гэх мэт өндөр хөгшилтэй орнуудад хамрагдсан ба оношилгооны тоног төхөөрөмжүүдээр (налуу ширээний сорил, холтер ЭКГ, мэс заслын багаж гэх мэт) хангасан. Энэ нь эмч мэргэжилтэнүүд өөрсдийн сурсан мэдлэг, чадвараа улам хөгжүүлж үр дүнд хүрэх боломжийг өгсөн. Зүрхний хэм судлалын төв нь Ази номхон далайн орнуудын Зүрхний хэм судлалын нийгэмлэг, Торгоны замын орнуудын зүрхний хэм судлалын нийгэмлэг, Японы хүүхдийн хэм судлалын эмч нар, Туркын хэм судллалын эмч нар, Америкийн суулгац эмчилгээний эмч нартай хамтран ажиллаж байна. Ази номхон далайн орнуудын зүрхний хэм судлалын нийгэмлэгээс зөвлөх профессор Chun Hwang, профессор Kim Young Hoon, профессор Uhm Jaeson, профессор Park Sunwon, профессор Kim Songsun, профессор Kim Sung Hwang, профессор Ki Hong Lee, техникч Lee Hyong Soo, техникч Im Rasuen нарын баг жилд 1-2 удаа ирж ховдлын дээрх тахикардийн оношилгоо, аблаци эмчилгээ, тосгуурын фибрилляци, ховдлын гаралтай хэм алдагдлын 3D цахилгаан зураглал бүхий аблаци эмчилгээг хийхэд хамтран ажиллаж эмч нарыг ажлын байранд сургасан. Мөн БНСУ-ын хэм судлалын нийгэмлэгийн профессорууд Монгол улсад жилд 2 удаа ажлын байран дээрх сургалтыг хийгээд олон жил болж байна.

Эмч, ажилчид