“Бидний хөгжлийн чиг хандлага” нээлттэй форум

2014 оны 02-р сарын 21-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнуудын дунд “Бидний хөгжлийн чиг хандлага” нээлттэй форум зохион байгууллаа. Форумын зорилго нь:

.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг өнөөгийн байгаа түвшингээс улам сайжруулах, эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны шинэ арга технологийг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нутагшуулж, нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн үйлчилгээний соёлыг өргөжүүлэн дэлгэрүүлэх, эмнэлгийн эрчимтэй хөгжлийг тасралтгүй хангахад оршино.

Нээлттэй форумд хэлэлцүүлэх төсөлд дараах ерөнхий шаардлага тавьсан. Үүнд:

  • Орчин үеийн анагаахын болон эрүүл мэндийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг нэвтрүүлсэн, үйлчлүүлэгчид аюул эрсдэлгүй байх
  • Өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохирсон, эмнэлгийн хөгжлийн үзэл санаанд хувь нэмэр болохуйц байх
  • Бүтэц зохион байгуулалтын оновчтой шийдэлтэй, өндөр бүтээмжтэй байх
  • Эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх
  • Эдийн засгийн хувьд үр ашигтай, тусламж үйлчилгээнд нэвтрүүлж болохуйц байх
  • Хөдөлмөр хөнгөвчилсөн, хөдөлмөр хамгааллын шаардлагыг бүрэн хангахуйц байх

Тусгай шаардлага нь:

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар үр дүнг сайжруулах:
    • Тусламж үйлчилгээний шинэ загвар нэвтрүүлэх, ”Цахим технологи” ашиглах, хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чиглэсэн, өвчлөлийн хяналтыг сайжруулахад чиглэсэн байх
  • Эмчилгээ оношилгооны шинэ арга технологийг нэвтрүүлэх:
    • Мэс засал эмчилгээний шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, оношилгооны шинэ арга аргачлал нэвтрүүлэхэд чиглэгдсэн байх
  • Үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн соёл үйлчилгээний соёлыг дэлгэрүүлэх:
    • Сэтгэлд нийцсэн, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээнд чиглэсэн, эмнэлгийн соёл үйлчилгээний шинэлэг загвар үйлчилгээг нэвтрүүлэх, харилцаа хандлагын шинэлэг загвар үйлчилгээ байх

Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир форумыг нээж үг хэлэв. ЭШСЭОДарга О.Батгэрэл “Бидний хөгжлийн чиг хандлага” нээлттэй форумд ирүүлсэн нийт төслийн товч танилцуулгыг хийв.

Тус хэлэлцүүлэгт эмнэлгийн нийт эмч, мэргэжилтэн, ажилтан, ажилчид тасаг нэгж, мэргэжлийн баг /мэс засал, дотор, оношилгоо г.м/, үйл ажиллагааны чиглэл, ажлын хэсгээрээ баг бүрдүүлж оролцсон.

Форумд нийт 39 материал ирүүлсэнээс албан ёсны төсөл хэлбэрээр бэлдсэн 19, төслийн санал хэлбэрээр ирүүлсэн 20 материал байлаа. Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар үр дүнг сайжруулах чиглэлээр 7 төсөл, 5 санал, эмчилгээ, оношилгооны шинэ арга технологи нэвтрүүлэх чиглэлээр 8 төсөл, 9 санал, үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн соёлыг дэлгэрүүлэх талаар 4 төсөл, 6 санал ирүүлсэн байна.

Эдгээр төсөл, төслийн саналуудаас практик ач холбогдолтой, оновчтой шийдэлтэй, шинэлэг санаатай, шинжлэх ухаан болон эдийн засгийн үндэслэлтэй, инновацийг хөгжүүлэхэд чиглэгдсэн, хэрэгжүүлэх боломжтой зэргийг үндэслэн дараах 9 төслийг хэлэлцүүллээ.

  1. ШУГТЭ-ийн эмнэлзүйн ур чадварын төв байгуулах
  2. Үйлчлүүлэгчид ээлтэй орчин, интерьер дизайн
  3. Эмнэлгийн номын санг хөгжүүлэх
  4. Гемодиализ эмчилгээний тасагт хэвлийн диализ эмчилгээг нэвтрүүлэх нь
  5. Артерийн гипертензи өвчний үед судсан дотуурх мэс заслын аргаар бөөрний мэдрэлжүүлэлтийг таслах эмчилгээ
  6. Хамар, хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслыг эмчилгээний практикт нэвтрүүлэх нь
  7. ШУГТЭ-ийн угтах үйлчилгээний менежментийг сайжруулах нь
  8. Эмч нарын ажлын хувиарийг боловсронгуй болгох нь
  9. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан хоол, ажилчдын цайны газрын үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулж хөгжүүлэх

Дээрх 9 төслийг багцлан танилцуулж, нийт эмч, ажилтнуудын дунд нээлттэйгээр хэлэлцүүллээ.

“Бидний хөгжлийн чиг хандлага” нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан санал, хөгжлийн хувилбаруудыг цаашид хамтран хэрэгжүүлэх талаар зөвлөмж, уриалга гарлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэлцүүлэгт төсөл, саналаа ирүүлсэн алба, тасаг, нэгж, мэргэжлийн багуудад баяр хүргэж талархал гардууллаа.