Ц.Лочин: Хийсэн багажаараа 32 хүнд амжилттай хагалгаа хийсэн

-ЦӨСНИЙ ЕРӨНХИЙ СУДАСНЫ ЧУЛУУ АВАХ БАГАЖАА 2019 ОНД ҮЙЛДВЭРЛЭНЭ-

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийн 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгарсан сайхан мэдээг өмнө нь би та бүхэнд мэдээлж байсан билээ. Ц.Лочин эмч  цөсний ерөнхий судасны чулуу авах багажийг шинэчилж, өөрчилөн бүтээж “Оновчтой технологи” шагналын эзэн болсон аж. Тэрбээр энэхүү шагналыг авч буй монголын 20 дахь хүн. Анагаах ухаан, Эрүүл Мэндийн салбараас авч буй монголын анхны эмч юм. Ингээд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинтой ярилцлаа.

-Юуны өмнө танд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Оновчтой технологи”  шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ үгийн маш олон хүнд хэлэх ёстой байх. Намайг эмч болгосон, мэс заслын эмчээр мэргэшүүлж овоглож яаваа П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлгийн эмч нартаа маш их баярлалаа. Мөн гэр бүл найз нөхөд, багш, эрдэмтэн мэргэддээ маш их баярлалаа. Аливаа нэг зүйлийг хийнэ гээд шууд хийх хэцүү. Амаргүй ажил. Үүний адилаар миний шинэчлэн өөрчилж бүтээсэн хэвлийн мэс заслын багаж үүний нэгэн адил би гэнэт нэг өдөр хийнэ гэж босч ирээд хийсэн зүйг огт биш. Эсвэл хийнэ гэж суугаад тэр бүр гараас гарахгүй. Тухайн мэс заслын багаж мөн адил.

Энэ мэс заслын багажийг яагаад шинэчлэх хийх болсон бэ гэхээр миний өдөр тутамд хийдэг ажил бол мэс засал. Мэс засал хийж байх явцад энийн нь ингэвэл зүгээр юм байна, ингэж өөрчилвөл мэс засал хийж байгаа эмч нарт амар эвтэйхэн, хагалгааны явцад, хагалгааны дараа өвчтөнд гарах үр дүн, нөлөө нь ингэж сайжрах юм байна гэсэн бодол их төрдөг байсан. Энэ бодол биелэлээ олж цөсний ерөнхий цусны чулуу авах багажийг шинэчилж, өөрчилж бүтээсэн.

Тэгэхээр би огт байхгүй шинэ багаж бүтээсэн юм бол биш. Харин шинжлэх ухаан, техник технологи хурдастай хөгжиж байгаа энэ цаг үетэй уялдуулан хэвлийн мэс заслын багажийг өөрчилж, шинэчилсэн.

-Олон жилийн үр дүнд цөсний ерөнхий судасны чулуу авах багажийг өөрчилж, шинэчилсэн гэж байна. Мэс заслын эмчээр хэчнээн жил ажиллаж байна вэ та?

-2006 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Үргэжлүүлэн хоёр жил гаруй мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтад сууж 2008 оны гуравдугаар сараас хойш П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байна. Мэс заслын эмчээр ажиллаад 10 гаруй жил болж болно. Энэ хугацаанд намайг сургасан эмч нар хүнд  хагалгаанд авч ордог байсан. Хагалгаанд орох болгондоо мэс заслын багажаа яаж сайжруулах уу гэж харж, хагалгаа болгон дээр санаа авч байсан.

-Хэчнээн ширхэг багажийг өөрчилж шинэчлээд байна вэ. 10 гаруй жил өөрийн биеэр хагалгаа хийх явцац хуримтуулсан арга барил, туршлага, мэдлэгт үндэслэж өөрчилж шинэчилсэн гэхээр давуу тал олон байгаа байх. Одоо ашиглаж байгаа багаж, таны шинэчилсэн багаж хоёрын ялгаа?

-БИ 20 ГАРУЙ ТӨРЛИЙН БАГАЖ ӨӨРЧИЛЖ, ШИНЭЧИЛСЭН. ХОЁРЫГ ХАГАЛГААНД ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСЭН-

-Нэг мэс засал хийхэд маш олон төрлийн багаж хэрэглэдэг. Нэг багаж гэхэд олон төрлийн иж бүрдлээс бүтдэг. Би 20 гаруй төрлийн багаж өөрчилж, шинэчилсэн. Хоёрыг нь хагалгаанд хэрэглэж эхэлсэн. Одоо энэ харагдаж байгаа багаж бол цөсний ерөнхий чулуу авдаг багаж. Манайд болон олон улс хагалгаандаа хэрэглэдэг. Одоо цөсний чулуу авч байгаа багаж, миний өөрчилсөн хоёрын ялгаа бий.

Нэгдүгээрт цөсний ерөнхий суваг нэлээд нарийн, урт бүтэцтэй байдаг. Хоёрдугаарт манай монголчууд цөсний чулуугаа хүндэрсэн хойно нь ирж үзүүлж, хагалгаанд ордог учраас хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон байсан. Цөсний ерөнхий сувгын хагалгаанд орох хугацаа, өвчтөнд үүсэх хүндрэл, эмийн бодист хордох нөлөө, өвчтөнд хурдан эдгэх боломжийг олгож байхаар багажаа шинэчилж, өөрчилсөн. Мөн мэс засал хийж байгаа эмч нарт илүү амар болсон.

-Цөсний чулуу авах энэ багажийн хүрэлцээ хэр байдаг бэ. Өөрчилж, шинэчилсэн багажаараа хагалгаанд хийсэн үү? 

-2017 онд Шинжлэх ухаан технологийн санг Засгийн газар байгуулсан. Сангийн захирал н.Энхжаргал надад хандаж “Өөрөө ийм мэс заслын багаж хийсэн байна. Манайх нэг төсөл шалгаруулж байгаа. Энд оролцох уу, оролцооч гэж” санал тавьсан. Үүний дагуу хоёр багажаа Шинжлэх ухаан технологийн сангаас оюуны өмчийн батент авах тал дээр одоо ажиллаж байна. Үлдсэн арав гаруй багаж нь ямар нэгэн байдлаар ажил болоогүй байж байна. Миний шинэчилж хийсэн багаж 28 мянга гаруй төрөл хийгдсэн байдаг. Зөвхөн цөсний ерөнхий чулуу авах багаж 9 нь өөр төрлийн бүтэцтэй байдаг. Шинэчилж, өөрчилсөн цөсний ерөнхий судасны чулуу авах багажаараа 32 гаруй хүнд амжилттай хагалгаа хийсэн. Зөвхөн би өөрөө хэрэглэж байгаа.  2019 онд үйлдвэрлэгдэж гарахаар төлөвлөж байгаа. 

Цөсний ерөнхий судасны чулуу авдаг багаж. 

-Туршилтын загвараа өөрөө мэс засалд хэрэглэж 32 гаруй удаагийн хагалгаа хийсэн гэж та сая хэллээ. Хуучин болон өөрчилж шинэчилсэн багажийн хоёрын ялгаа яаж мэдрэгдэж байна эмч хүний хувьд. Мөн өвчтөнд?

-Мэдээж олон жилийн турш хийсэн хагалгааны хүндрэл, арга барил, үйл явцаас үүдэж өөрчилж, шинэчилсэн болохоор өөр байна. Тэр болгоныг үгээр тайлбарлахад бэрх, эмч нарт хагалгааны үйл явцыг сайжруулж өгсөн. Харин өвчтөний хувьд олон давуу тал олон гарч байна.

 

Тухайлбал өмнө нь өвчтөн цөсний чулуу авахуулах хагалгаанд орлоо гэхэд сар гаруй хугацаанд гуурсаар цөсөө гаргадаг байдаг. 1-3 гуурс хэвлийгээр нь гарсан байдал байх өвтөнд хэцүү байдаг байсан. Одоо хагалаанд ороод гуурс зүүхгүйгээр байх боломжтой болсон. Мэс засал гэдэг өөрөө хүнд, хэцүү зүйл. Хүнд гэмтэл үзүүлж байж өвчтөний өвчнийг эмчилж эрүүл болгодог зүйл. Нэг үгээр хэлбэл өвтөнд маш бага эрсдэл гаргаж өвчнийг анагаадаг.

-Таны хийсэн багаж, энэ төрлийн багажийн үнэ өртөг зах зээл дээр хэд орчин байдаг юм бол. Та багажаа үйлдвэрлэж гаргалаа гэхэд хэдэн төгрөгийн өртөгтэй байх уу?   

-Мэс заслын бага мэдээж хамгийн аюулгүй байх ёстой. Гарын ая даадаг, өвчтөнөөс өвчтөнд халдвар тараахгүй байх гээд маш олон зүйлийг давхар авч явдаг. Энгийн гуурсийг Солонгот хийхэд мянган доллар болдог. Мэс заслын багажийн үнэ өртөг ямар байх нь одоогоор тодорхойгүй л байна. Эхний ээлжид батентаа авах нь чухал байна. 

-Мэс заслын багаж нэг ба олон удаагийнх гэж байдаг. Тэгэхээр халдвар, аюулгүй байдал талаас нь хэр анхаарсан бэ?

-Мэс заслын багажийг нэг болон олон удаагийнх ангилж авч үздэг. Нэг удаа гэдэг нь нэг л удаа хэрэглээд хаяна. Олон удаагийнх нь болохоор зэвэрдэггүй, ган төмрөөр хийдэг. Тэгэхээр халдвар аюулгүй байдал нь бусад багажийн адил. Одоо шинэчилж, өөрчилсөн туршилтын загвараа ОХУ болон Солонгост хийлгэсэн. Цаашид энэ хоёр улсаас аль нэгийг нь сонгоод явна гэж бодож, төлөвлөж байна.

-Багажаа үйлдвэрлэхээс өмнө олон улсын оюуны өмчийн батент авах ёстой гэсэн. Цөсний ерөнхий сувгийн чулуу авах багажиндаа батент авах ажил хэр явж байна вэ?

-МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАР ӨӨРСДӨӨ БАГАЖАА БҮТЭЭСЭН БАЙДАГ-

-Олон улсад мэс заслын багаж хийлгэлээ гэхэд заавал батент харж үйлдвэрлэдэг. Тэгэхээр би багажаа үйлдвэрлэхийн тулд батент авах ёстой. Батент авах ажил явагдаж байна. Энэ батентыг Швейцари улсаасавдаг. Швейцариас батент авахад нэг багажны үнэ 10 орчим ам.доллар байдаг.Шинэ бүтээллийн батентыг 20 жилийн хугацаатай олгогдог юм байна лээ. Батент авах ажилд нэлээд цаг хугацаа орох байх. Олон улсаас онлайнаар энэ төрлийн өөр шинэ багаж гарсан байна уу үгүй гэдгийг хайдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулах байх. Мэдээж энэ төрлийн багаж шинээр бүтээсэн эмч олон улсад олон бий. Ер нь мэс заслын эмч нар өөрсдөө багажаа бүтээсэн байдаг. Зарим нь өөрийнхөө нэрээр багажаа нэрлэсэн тохиолдол бий. Гэхдээ би багажаа өөрийнхөө нэрээр нэрлэнэ гэсэн үг биш үү. /инээв/

-Мэдээж, гэхдээ яагаад болохгүй гэж. Өөр багаж өөрчилж, техник технологид суурилуулж өөрчлөх юмсан гэсэн санаа сэдэл хэр төрж байна?

-Анх огт байхгүй мэс заслын багажийг хийсэн бол нэрлэж болно. Гэхдээ маш олон жилийн турш хэрэглэж ирсэн багажийг шинэчил, өөрчилсөн учраас тэгж болохгүй. Харин өөрчилж шинэчилсэн багажийнхаа батентыг өөрийнхөө нэр дээр авна. Мэдээж бусад багажаа ингэх юмсан гэсэн бодол байлгүй яахав. Бид шинжлэх ухаан, технологийн асар хурдацтай хөгжилд хөл нийлүүлэх ёстой. Хагалгааны явцад санаа сэдэл их төрнө. Яагаад гэвэл бид нэг хагалгаанаа нөгөө хагалгаанд шилжихдээ сайн муу, сайхан муухайг өөрсдийнхөө биеэр мэдэрч байгаа учраас элдэв янзын бодол орж ирнэ. Тэглээ гээд шууд суугаад, хийнэ гээд хийчих зүйл огт биш. Тийм амар зүйл биш.  

-Ярилцсанд баярлалаа.