Д.Дэлгэрцэцэг: Хүмүүс томографик хийлгэх гэдэг буруу ойлголттой болчихож

П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч Д.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

–Танай эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг бусад эмнэлгийнхээс юугаараа онцлог вэ. Ямар үйлчилгээг түлхүү үзүүлж байна?

-Манайх Монгол Улсад рентген буюу одоогийн дүрс оношилгоо хөгжихөд том хувь нэмэр оруулсан Төрийн шагналт, Монгол Улсын анхны Ардын эмч, “Гэрэл”-ийн буюу Рэнцэнгийн Пүрэвийн нэрэмжит тасаг. Анхны үүсгэн байгуулагчийн нэг нь Р.Пүрэв багш юм. Тухайн үед монголчууд гэрэлд харуулах гэж ярьдаг, “Гэрэл”-ийн Пүрэвт үзүүлчих, тэгвэл бүх юм чинь тодорно” гэлцдэг байлаа. Одоо Р.Пүрэв багшийн ууган шавь, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд тасгийн зөвлөх эмчээр ажиллаж байна. Отгон шавь нь би байгаа юм. Багшийнхаа үүсгэн бай­гуулсан албыг нэр хүндтэй авч явахын төлөө бид хичээн ажиллаж байна.

Рентген оношилгооны тасаг маань 2013 оноос Дүрс оношилгооных болж өргөжсөн. Хэт авиа, рентген, компьютерийн оношилгоо, үйлчилгээ явуулж байна. Манай эмнэлэг улсын хэмжээнд зүрх болон тархины чиглэ­лээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Үүнтэй уялдаж манай тасаг зүрх, тархины эм­гэгийг илүүтэй оно­шилдог. Манай эмнэлэг гурван жилийн өмнөөс харвалтын төвийн зохион байгуулалтад орсон. Улаанбаатар хот болон хөдөөнөөс өвчтөн хүлээн авч 24 цагийн дотор комьютерийн оно­­­шилгоо хийдэг. Манай тасаг нийтдээ 22 ажилтантай. 10 эмч, дээр нь рентген техникч, сувилагч, туслах ажилтан гэсэн бүтцээр ажилладаг. Өдөрт ойролцоогоор 15 компьютер томографийн шинжилгээг харвалттай өвчтнүүдэд хийж байна. Үүний зэрэгцээ 2015 оноос хойш зүрхний титэм судасны нарийсал, шигдээс өвчний оно­шил­гоог өвчтөнд ямар нэг зовиургүйгээр хийдэг бол­сон. Ингэс нээр шиг­дээсээс сэргийлэх, стэнд тавих, судсан дотуур эмчилгээ хийх боломжийг хүмүүст олгож байна.

–Өвчтөнд үзүүлж буй үйлчилгээний чанар ямар үзүүлэлттэй байна вэ?

-Манай тасаг хүний нөөцийн чадамжаар зөв­лөх, тэргүүлэх болон ах­лах зэрэгтэй эмч ажилтан 70 хувийг эзэл­дэг. Туршлагатай эмч, ажилтнаар хангагдсантай хол­­боотойгоор оношил­гооны чанар төдий чинээ сайн байдаг.

Ялангуяа, зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэдийн удирдлага дор оношилгоо шинжилгээнд судалгаа хийж ажилладаг тул бид орчин үеийн оношилгоо шинжилгээний төвшинд ажиллаж байна. Багш маань бидэнд түшиг болж хүнд асуудлуудыг шийдэж өгдөг алтан үеийн эмч нарын нэг. Мөн мэргэжил олгох, дээшлүүлэх бүх сургалтыг хариу­цан олон мянган дүрс оношилгооны эмч мэр­гэ­жилтэн бэлтгэсэн гавьяатай багш-эмч байгаа юм.

Тоног төхөөрөмжийн тухайд дагалдах зарим программ хангамжийн дутагдал байгаа. Өөрөөр хэлбэл, дүрсийг дамжуулан зайнаас оношилгоо хийдэг PACS-аар хан­гагд­­вал хүлээгдэл чи­рэг­­дэл эрс буурна. Түүнч­лэн мэс заслын эмч нар өвчтнүүдийн оно­шилгооны дүрслэлийг хагалгааны үедээ ч харах боломжтой болно.

–Одоо байгаа багаж төхөөрөмжийн чадамж, хүрэлцээ хэр вэ?

-Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад оношилгоо маань эмчил­гээнээсээ харьцангуй түрүүлээд явчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор оно­шилгооны тоног төхөө­рөмжүүд хамгийн сүүлийн үеийн шаард­лагыг хангасан байх ёстой. Хөгжлөө дагаад ийм зүйлүүд шаардагдаж байгаа. Тиймээс зүрх, тархины томографийн шинжилгээг 2013, 2015 оноос хийж ирсэн. Зүрх, тархины цусан хан­гамжийн хэмжээ алдаг­дах, түүнчлэн зарим өвчнийг илүү нарийн онош­лоход зөвхөн компьютер томографик учир дутагдалтай байдаг. Иймд Соронзон резонанст томографи буюу MRI аппарат зайлшгүй хэрэгтэй. Энэ онд улсын төсөвт суулгуулж, суурилуулна гэсэн мэдээтэй байгаад бид их баяртай байгаа. Оношилгоо, үйлчилгээ сайжрахаар өвчтөнүүд эмчилгээндээ эрт орно, хөдөлмөрийн чадвар алдалт нь багасна. Өнгөрсөн оноос манай эмнэлэг эмч нарыг нарийн мэргэжлээр төрөлжүүлэх чиглэлд анхаарч орон тоог нэмсэн. Гэсэн ч өнөөгийн шаардлагыг хан­гах төвшинд хараа­хан хүрч чадахгүй байна. Цаашид төлөв­лөгөөтэйгөөр эмч нарын орон тоо, мэргэжилтэн, тех­никчдийн орон тоог зайлшгүй нэмэх шаардлагатай. Чиглэл, чиглэлээр эмч нар маань мэргэшвэл олон улсын төвшинд хүрэх боломжтой.

–Өвчтөнүүдэд анхааруулж, сэрэмжлүүлэх ямар мэдээлэл байна?

-Иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Тэр нь сурталчилгаа муугаас болсон уу эсвэл эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой юм уу. Тухайлбал, компьютер томографик нь бүх өвчнийг оношилдог гэсэн ойлголттой болчихож. Компьютер томографик нь ионжсон цацраг буюу рентген туяаг ашиглаж оношилгоо хийдэг. Үүнийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хийх ёсгүй, тийм заалт ч байхгүй. Зөвхөн клиникийн эмч нар үзэж, тухайн өвчтөнд ямар өвчнийг тодруулах вэ гэдэг эмчийн заалтаар л хийх шаардлагатай. Ионжсон цацраг бас сөрөг талтай. Ялангуяа, бага насны хүүхдэд хийхэд 20-30 жилийн дарааа тэр хүүхэд хавдраар өвчлөх эрсдэл нь үүсч байгаа юм. Тиймээс бид ирж байгаа үйлчлүүлэгч, өвчтөнүүдийг зөв сонголттой, тухайн үйлчилгээг заавал авах ёстой, онош тодруулах зайлшгүй шаардлагатай байгааг нь сонгож авахыг хичээдэг. Гэвч иргэд бухимдаад, сайн ойлгохгүйгээс заримдаа асуудал үүсдэг. Үүнийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр сургалт, сурталчилгаа хийх хэрэгтэй юм байна гэж боддог. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуц­лагаа хэрэгжүүлж, энэ талаар сурталчилдаг, эмч нарын зөвлөгөөг хүргэдэг байгаасай.