МОНГОЛ ЭМЧИЙН БҮТЭЭСЭН БАГАЖ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ШАЛГАРЛАА

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог алтан медалийн 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч Ц.Лочин шалгарчээ.

Түүний зохион бүтээсэн нээлттэй болон дурангийн мэс заслын багажууд Дэлхийн оюуны өмчийн шилдэг бүтээл болсон байна. Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог технологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээрх мэс заслын үед ашигладаг багажийн оновчтой загварын шийдлийг зохион бүтээжээ. Тухайлбал,  дурангийн хагалгааны үед хэвлийн шархыг дээш татаж оёход хэрэглэх багаж, цөсний хүүдийн чулууг авах багаж, олон чулуутай цөсний хүүдийн чулууг авах зэрэг 20 гаруй багаж зохион бүтээсэн байна. 
Түүний энэхүү бүтээлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас мэргэжлийн шинжээчийн нарийн шалгуурын дагуу удаан хугацаанд шалгасны үр дүнд ийнхүү “Оновчтой технологи” хэмээн шалгаруулсан байна. Уг шагналыг манай улсад 1986 оноос хойш өнөөг хүртэл инженер мэргэжлийн 19 хүн хүртэж байсан бол 20 дахь нь анх удаа анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн авч байгаагаараа онцлог аж. Шагналыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү, Монголын анагаах ухааны академийн гишүүд болон бусад албаны хүмүүсийн хамтаар гардуулан өгсөн байна. Энэ үеэр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Монгол хүний оюун ухаан дэлхийн төвшинд хүрсэн гэдгийг нотолсон нэр хүндтэй шагналыг хүртэж байна. Дэлхий дахины шинийг санаачлагчдад олгодог тус шагналыг 1979 оноос олгож эхэлсэн байдаг. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын медалиар шагнуулах нэр дэвшигчид нь өөрсдийн шинэ бүтээлийг патент, ашигтай загвараар эрхийн хамгаалалт хийлгэсэн байх ёстой. Мөн зохион бүтээсэн бүтээлүүд нь амьдрал дээр бодитой хэрэглэгддэг байх шалгууртай юм. Маш нарийн нягталдаг. Бидний өгсөн материалыг 2-3 жилийн хугацаанд судалсан. Оюуны өмчийн хөдөлмөр, хүчин чадлыг Монгол Улс үнэлэх цаг нь аль хэдийнэ болсон. Мэс заслын их эмч Ц.Лочин маань улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт маш чухал ач холбогдолтой, нэр хүндтэй шагналыг улсдаа авчирлаа” гэв.