“ХҮНД ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН АСАРГАА СУВИЛГАА” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Сувилахуйн алба”-наас “Хүнд эмчлүүлэгчийн асаргаа, сувилгаа” сэдэвт үзүүлэх сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд тус эмнэлэгт шинээр ажилд орсон 60 гаруй сувилагч болон туслах сувилагч нар оролцсон бөгөөд эмчлүүлэгчдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг стандарт удирдамжийн дагуу сувилахуйн өндөр түвшинд үзүүлэх чадвар эзэмшүүлэх, мэдлэг ур чадвараа дээшлүүлэн сувилахуйн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн арга барилд суралцах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвар, дадал олгох зорилгоор сургалтыг зохион байгуулсан.

Тус сургалтын үеэр хүнд эмчлүүлэгчийн холголт цооролтын асаргаа, сувилгаа, өвчтөний ор засах, бүтэн биеийн болон амны хөндийн угаалга, хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа, байрлал солих, харвалттай өвчтөний хооллолт зэрэг гардан үйлдлийг стандартын дагуу хийж сургах чиглэлээр сургалтыг явуулсан бөгөөд сургалттай холбоотой 8 төрлийн гарын авлага боловсруулан тарааж, туслах сувилагчийн ажлын онцлогийг харуулсан үзэсгэлэнг гарган хамт олондоо сурталчилан танилцууллаа.