“ГЭР БҮЛ БА ЧИХРИЙН ШИЖИН” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ

Чихрийн шижинтэй тэмцэх өдрийг Дэлхий нийтээрээ жил бүрийн 11 дүгээр сарын 14-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2018 онд “Гэр бүл ба чихрийн шижин” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн чихрийн шижингээр өвдөөд байгаа ба түүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж хоёр буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм. Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чихрийн шижин өвчний талаар мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, чихрийн шижинтэй хүний эмчилгээ, зөв хооллолт, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, гэр бүлийн гишүүдийн туслалцаа дэмжлэгийг сайжруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг зохион байгууллаа. 

Өдөрлөгт 350 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилчид оролцлоо. Өдөрлөгийн үеэр чихрийн шижингийн талаарх мэдлэг олгох, чихрийн шижинтэй өвчтөний эрүүл, зөв хоололт болон тэдний ар гэрт зориулсан сургалтууд зохион байгуулж, эрсдэлийн үнэлгээг тодорхойлон мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө зөвлөмж өгав. Мөн өөх тос, дотор, гадар өөх, булчингийн масс, ясны сийрэгжилт тодорхойлон, чихрийн шижинтэй өвчтөний 49 нэрийн 7 иж бүрдэл бүхий бүхий эмчилгээний хоолны үзэсгэлэн гарган, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх 10 төрлийн гарын авлага бэлтгэн тарааж, чихрийн шижингээс урдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.