“ӨНГӨТ ӨДӨР” – УРЛАГААР АНАГААХУЙ СУРГАЛТ БОЛЛОО

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын “Hospital Art” Сангийн багш нартай хамтран урлагаар дамжуулан хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ шинээр нэвтрүүлэх хүрээнд тэдний сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих, олон улсад өргөн дэлгэрсэн “Аrt therapy” буюу “Урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сайн дурын сургалтыг 2014 оны 06 сарын 10-ны өдөр тус эмнэлэгт зохион байгууллаа.

“Hospital Art” Сан нь 1984 оноос хойш дэлхийн 195 орны 4,000 гаруй эмнэлгийн 1 сая гаруй өвчтөн, тэдний гэр бүл болон эмнэлгийн ажиллагсдад урлагаар анагаахуй сургалтыг зохион байгуулж, 40,000 гаруй уран зургийг бүтээн хандивласан байна.

“Өнгөт өдөр” сургалтанд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 40 эмчлүүлэгч, эмнэлгийн ажилтаныг хамрууллаа. Энэхүү сургалтад эмчлүүлэгчид таван баг болж, нэг хүн нэг зургийг өнгө ялган будсан юм. Тэдний зурсан зургийг эвлүүлэхэд нэг бүтэн том хэмжээний зураг болох бөгөөд түүнийг тус эмнэлгийн хананд байрлуулна.

“Art therapy” буюу урлагаар анагаахуй нь бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн физиологи, оюун санаа болон сэтгэлзүйг дэмжих олон улсад өргөнөөр хэрэглэдэг арга. Эмнэлгийн хоосон хана ажлын үр дүнд хүний сэтгэл санааг сэргээсэн сайхан өнгөлөг болдог. Тэгснээр эмч болон өвчтнүүд амьдралын төлөө тэмүүлэлтэй болж, тэдний сэтгэл санааг сэргээж өгдөг. Урлагаар анагаахуй эмчилгээнд найман настай балчраас 80 настай буурай хүртэлх нас, хүйсний ялгаа байдаггүйгээрээ онцлогтой.