“ТӨВЛӨРСӨН АРИУТГАЛ, НЯН СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ”-ИЙН ИХ ЗАСВАР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭН АВАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд хийгдсэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лаборатори”-ийн их засварын ажил, тоног төхөөрөмжийг хүлээн авах арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр зохион байгууллаа. 


Уг арга хэмжээнд МУ-ын УИХ, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, ЭМСХХ-5 төслийн хамт олон, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл болон УГТЭ-ийн удирдлага, хамт олон оролцлоо. 
Төслийн хүрээнд тус эмнэлгийн төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторид нийт 483 сая төгрөгийн санхүүжилт бүхий их засвар, тохижилтын ажил хийгдсэн бөгөөд эмнэлгийн төвлөрсөн ариутгалын үйл ажиллагаанд ашиглагдах 12 нэр төрлийн 17 ширхэг тоног төхөөрөмж бүхий 1.04 тэрбум төгрөг, нян судлалын лабораторид 24 нэр төрлийн 37 ширхэг тоног төхөөрөмж бүхий 408 сая төгрөг, хог хаягдлын менежментийг сайжруулах бүрэлдэхүүний хүрээнд 11 төрлийн 110 ширхэг багаж хэрэгсэл бүхий 16.786.000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд төслийн хүрээнд тус эмнэлэгт нийт 1.911.786.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. 


Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус эмнэлгийн төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний халдварын сэргийлэлт хяналт сайжирч, эмнэлгийн хэмжээний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй, халдварын сэргийлэлтийн үйл ажиллагаанд эрс шинэчлэл, дэвшлийг бий болгож, орчин үеийн дэвшилтэт, шинэ технологи бүхий тоног төхөөрөмжүүдээр хангагдсан МУ-ын ЭМСалбарт загвар, жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгохын зэрэгцээ нмч мэргэжилтэнд хардварын сэргийлэлт, хяналтын талаархи шинэ мэдлэг олгох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, улмаар хуучин мөрдөж хэвшсэн уламжлалт арга барил буруу дадал хандлагаа өөрчилөн шинэчлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааныхаа цаг мөч бүрт зайлшгүй мөрдөж хэвшүүлэх зэрэг шат шатны олон арван сургалтуудыг зохион байгуулснаар салбарын эмч мэргэжилтнүүдэд томоохон оюуны хөрөнгө оруулалт хийсэн ач холбогдолтой юм. 
Энэхүү төслийг хэрэгжүүлсэн Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн баг, гүйцэтгэгч байгууллагуудад хамт олонд УГТЭ-ийн нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.