ХОЁР ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ АЙЛЧЛАЛ БОЛЛОО

БНСУ-ын Нуруу нугасны мэдрэлийн мэс засал, үений мэс заслын нарийн мэргэжлийн Нанүри эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч нарын хамтарсан баг БНСУ-ын Нанүүри эмнэлгийн Сөүл, Сүвон, Инчоны салбар эмнэлгүүдээр 2014 оны 06 сарын 19-21-ний өдрүүдэд ажлын айлчлал хийгээд ирлээ.

Айлчлалын хүрээнд Нанүүри эмнэлгийн ерөнхий захирал Jang Il-Тae, Сөүл салбар эмнэлгийн дарга Lim Jae Hyeon, Сүвон салбар эмнэлгийн дарга Jang Jee Soo, Инчон салбар эмнэлгийн дарга Kim Jin Uk зэрэг удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг зохиож, хоёр эмнэлгийн хөгжлийн төлөөх хамтарсан түншлэлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн нугасны мэдрэлийн мэс засал, үений мэс заслын оношилгоо эмчилгээний хүчин чадавхийг нэмэгдүүлэх, төлөвлөж зохион байгуулах талаар харилцан туршлага солилцох, эмч мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах боломж нөхцлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Нанүүри эмнэлгийн ерөнхий захирал Jang Il-Тae Монгол улсын эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын форумын үеэр олгосон 30 сая воны хөрөнгө оруулалтын гэрчилгээг тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирт албан ёсоор гардуулж өгөв.

Уулзалт ярилцлагын дараа ажлын хэсэг Нанүүри эмнэлгийн Сөүл, Сүвон, Инчоны салбар эмнэлгүүдээр айлчилж, тусламж үйлчилгээний үйл ажиллагаатай танилцан, эмч мэргэжилтнүүдийн туршлага судлаж, санал солилцох, сургалтад хамрагдах зэрэг үйл ажиллагаанд оролцлоо.