“СӨҮЛ ТӨСӨЛ”-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамдын / БНСУ-ын ЭМНХЯ/ хамтран хэрэгжүүлж буй “Сөүл төсөл”-ийн хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдав.

Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын ЭМЯ –ны дэд сайд Ж.Амарсанаа, Солонгос улсын ЭМНХ-ын дэд сайд Янг Хьюн Чой болон Монгол Улсын ЭМЯ, Солонгос Улсын ЭМНХЯ, Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн төв, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, “Сөүл төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч хоёр улсын эмнэлгүүдийн төлөөлөгчид, болон эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Тус хуралдааныг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ, “2011 оны 8 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын ЭМНХЯ хоорондын хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурсан ба тэрхүү тохиролцоонд тусгагдсан “Сөүл төсөл”-ийн үйл ажиллагаа 2014 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монголын эмч мэргэжилтнүүдэд зориулсан эмнэл зүйн сургалт тун амжилттай хэрэгжиж дөрвөн эмнэлгийн нийт 48 эмч зургаан сарын хугацаатайгаар БНСУ-д суралцаж төгссөн байна.

Улмаар төслийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, “Энэ удаагийн хамтарсан бага хурлыг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

2014 оноос Сөүл төсөлд монголын талаас УКТЭ, солонгосын талаас хоёр эмнэлэг шинээр хамрагдан 4 дүгээр сард эхэлсэн ээлжит сургалтанд монголын таван эмнэлгээс 26 эмч суралцаж байна.

Мөн төслийн хүрээнд “Зочин профессор”-ын хөтөлбөрийг 2014 оноос амжилттэй хэрэгжүүлж эхлэн Ионсей их сургууль болон Вонгуаны их сургуулийн эмнэлгийн нийт 8 зочин профессор Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллав.