“Зүрх Судасны Үндэсний Конференц 2014” боллоо

Жил бүр зүрх судасны төвөөс уламжлан зохион байгуулж ирсэн 12 дахь удаагийн “Зүрх Судасны Үндэсний Конференц 2014” 2014 оны 06 сарын 28-аас 07 сарын 01 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус конференцид Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж буй 250 гаруй зүрх судасны эмч, мэргэжилтэнгүүд хүрэлцэн ирж өөрсдийн хийсэн ажлаа дүгнэж, судалгаа шинжилгээний үр дүнгээ хэлцэж, бусад улсуудын туршлага, сургамжаас суралцан зөвлөлддөг уламжлалтай билээ. Тус конференцийн хүрээнд “Зүрхний дутагдлын орчин үеийн менежмент” сургалт Сингапурын зүрх судасны үндэсний төвтэй хамтран зохион байгуулагдсан.

Энэ жилийн конференц Монгол Улсад ангиографийн оношилгоо, эмчилгээ бий болсны 10 жилийн ойтой тохиолдуулж байгаа онцлогтой юм. Иймээс судсан дотуурхи оношлогоо, эмчилгээний мэргэжилтэн нар ололт амжилтаасаа бусадтайгаа хуваалцан цаашдын хийх ажлаа тодотгон тус конференцид өргөнөөр оролцсон. Мөн зүрх судасны төвийн хэтийн төлөв, төлөвлөгөөтэй танилцах, эмнэлгүүдийн хоорондахь зүрх судасны өвчтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний олон талт хамтын ажиллагаа болон уялдаа холбоог хэрхэн бэхжүүлэх талаар зөвлөлдөж санал бодлоо солилцсон нь тус конференцийн бас нэгэн чухал ач холбогдол боллоо.

Зүрх Судасны Үндэсний Конференц 2014 -д хэлэлцэгдсэн илтгэл, судалгааны үр дүн, тэргүүн туршлага нь зүрх судасны өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулах болно гэдгийг конференцид оролцогсод тэмдэглэлээ.