Талархал

Хүний амьдралын замд олон зүйл тохиолддог ч хүн бүр төдийлөн сайн мэддэггүй шаналгаа зовиур ихтэй өвчлөл бол хамар амьсгалын замын эмгэг гэдгийг энд хэвтэж эмчлүүлсэн хэдэн өдөр маш сайн ойлголлоо. Одоогоос 30 гаруй жилийн өмнө зодоон хийж хамартаа гэмтэл аваад гаднаас харахад бага зэргийн муруй болж эдгэсэн юм. Харин хамар битүүрэх тохиолдолоо ханиад хүрсэн бололтой гээд л нусаа татаад ажил гэрийн хооронд гүйсээр 30 гаруй жил болсон байх юм. Гэтэл амьсгал авах, амьдрал залгуулах гол хүчил төрөгчийн дутагдлаас болоод Зүрх судас, толгой тархины өвчин болж даамжирдаг юм байна. Бид чих хамар хоолойн мэс заслын тасагт Төрөө /Төрмөнх/ гэж залуухан эмчийн гараар орж эмчлүүлээд хагалгаа хийлгэж амьдралд агаар амьсгалах бололцоотой болсон. Энэ тасгийн эмч, эмнэлгийн бүх ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлье.

Хөнгөн шуурхай, эелдэг дотно хандаж байсан залуу эмч Төрөө болон ээлжийн сувилагч, үйлчлэгчиддээ маш их баярлалаа. Та бүхний ариун гэгээн буянтай үйл ажиллагаагаар олон олон залуучууд агаарыг цээж дүүрэн амьсгалж ирээдүйдээ итгэл төгс алхаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид хагалгааны дараа хамрын чихээсээ авахуулаад шинээр агаар шүүгчийг нь цэвэрлэж тавьсан авто машинтай зүйрлэж хоорондоо хөгжилдөж байв. Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын адуучин залуу Энхмандах шинэхэн планета 5-ын яндан гэж зүйрлэсэн бол, би агаарт дүүлэн яваа онгоцны агаар шүүгч тийм л байдаг байхдаа гэж хошигнож байлаа.

Эрүүл болоод эргэж уулзацгаая уриатай эмчлүүлсэн Газарчин дээд сургуулийн оюутан Батзориг, ШУТИС-ийн барилгын инженерийн оюутан Энхбат, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3-р багийн малчин Амарзаяа, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4-р багийн малчин Энхмандах, Төв аймгийн Баянчандмань сумын засаг дарга Баярнэмэх нар инээхтэйгээ болчихоод эргээд уулзалдая, эргэж уулзахдаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа баярласнаа, талархснаа илэрхийлье гэж газар газраас ирсэн бид ярилцсан юм.

Та бүхний бидэнд өгсөн агаар амьсгалах боломж нь амьдралд тохиолдсон олон олон бэлгүүдээс хамгийн том нь байсан шүү! Унтаж сэрээд онгорхой хамраараа агаарыг шуналтайгаар сорон амьсгалахад ямар байдгийг өвчтэй өвдөж байсан, энд эмчлүүлээд гарсан хүмүүс л мэднэ. Өөр хүмүүс анзаарахгүй буй заа.

Танай эмнэлгийн зохион байгуулалт үйлчилгээ сайн байсан шүү! Баярлалаа.