УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах дэлхийн өдөр” болгон зарласан байдаг бөгөөд 2019 оныг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу, хоолойгоо нэгтгэцгээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон иргэд, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах дэлхийн өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус эмнэлгийн төвшинд шийдвэрлэсэн үйл ажиллагаа, сайн туршлагынхаа талаар үйлчлүүлэгч иргэдэд танилан сурталчилж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, шинжилгээг өртөөлсөн хэлбэрээр зохион байгууллаа.


Өдөрлөгөөр 513 үйлчлүүлэгчийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт, 191 үйлчлүүлэгчийг оношилгоо шинжилгээнд, 100 үйлчлүүлэгчид вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, 50 үйлчлүүлэгчид захын судсанд глюкоз тодорхойлох шинжилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр хийж өглөө.Мөн “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, Хүнсний аюулгүй байдал, хоол үйлчилгээний стандарт үзэсгэлэнгээр” иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл зөв хооллолт, далд нүүрс ус, сахар, давсны хэрэглээний талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, 4 төрлийн гарын авлага бэлтгэн 300 ширхэг хэвлэн тарааж, үйлчлүүлэгч иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эмнэлгийн нөхцөлд хэрхэн хамгаалах, гарын эрүүл ахуйг сахиж, тэсвэртэй нянгийн тархалтыг зогсоох, халдвараас хамгаалах, халдварын сэргийлэлт, хяналт болон гарын эрүүл ахуйг сахих талаар мэдээлэл, сургалт явуулан, 250 үйлчлүүлэгчийн гар угаалтын зөв техникийг ионжуулагч гэрлийн тусламжаар үнэлгээ хийж, зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.