Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

2014 оны 09 сарын 25-ны өдөр тус эмнэлэг үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Эмнэлгийн байгууллагын удирдлага менежмент ба тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Хурлын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл тэргүүтэй ЭМЯ-ны удирдлагууд, Эрүүл мэндийн сайд асан С.Сонин, Б.Батсэрээдэнэ, ЭМЯ-ны харъяа Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлагууд зэрэг дотоодын болон олон улсын нэр хүндтэй зочид төлөөлөгчид оролцоо.

Энэхүү олон улсын хурлын үдээс өмнөх хэсэгт эмнэлгийн байгууллагын удирдлага менежмент, зохион байгуулалт сэдэв дор зохион байгуулагдсан бөгөөд эмнэлгийн байгууллагын удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа төрийн өмчийн байгууллага өөрсдөө анх удаа олон улсын хэмжээний хурал санаачлан зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой онцгой үйл явдал байлаа. Хурлын үеэр эмнэлгийн байгууллагын удирдлага зохион байгуулалтын хөгжлийн өнөөгийн чиг хандлага, Монгол улсын эрүүл мэндийн салбарын тогтолцооны өнөөгийн байдал, эмнэлгийн байгууллагын хөгжил, соёл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын орчин үеийн арга туршлагын талаар эмч мэргэжилтэнүүд харилцан мэдээлэл солилцсон нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Хурлын үдээс хойшхи хэсэгт тус эмнэлгийн өөрийн лавлагаа тусламж үйлчилгээ болох зүрх судас, тархи, мэдрэл судлалын эмнэлзүйн салбар шинжлэх ухааны нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, ололт амжилтын талаар олон улсын болон дотоодын нэр хүндтэй спикерүүд урилгаар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцлаа.