Ц.ДАВААЦЭРЭН: Мөсөөр биеийг нь хөргөөд, зүрхний мэс заслыг 15-хан минутад хийдэг байлаа

Монголд зүрхний мэс засал хийж эхэлснээс хойш хагас зуун өнгөрчээ. Хэдийгээр энэ салбарын түүхийг тасаг байгуулснаас нь хойш 50 жил гэж тооцдог ч манай эмч нар 1957 оноос гэмтлээс болж зүрхэнд шигдсэн гаднын биет, бэтэг авах, зүрхний артерийн битүүрээгүй цоргыг боох зэрэг мэс заслыг амжилттай хийж байсныг гэрчлэх олон баримт бий. Энэ бүхэн тасаг байгуулах үндэс суурь болсон гэдэг. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, Гавьяат эмч Ц.Даваацэрэнг “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа.

-Таныг ам бүл олуулаа өссөн гэж дуулсан. Дээхнэ үед гэлтгүй, одоо ч айлд нэг эмч, хуульч, нягтлан байх ёстой гэсэн зарчмаар хүүхдийнхээ мэргэжлийг сонгох явдал түгээмэл. Харин та өөрийн хүслээр эмч болсон уу, эсвэл гэр бүлийнхний ятгалга байв уу?

-Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. Эхээс есүүлээ, айлын хоёр дахь хүү. Багаасаа л эмч болно гэж ярьдаг хүүхэд байлаа. Манай аав Нэгдлийн түүхий эдийн эрхлэгч байсан. Одоогийнхоор цех юм уу даа. Харин ээж сургуулийн цайны газрын тогооч. Тухайн үедээ тэд минь боловсролтой хүмүүс байж. Хүүхдүүдээ их дэмжинэ. Хүссэн, сонгосон мэргэжлээрээ сур гэнэ. Олон хүүхэдтэй айлд нэг эмч байх нь зөв гэж аав минь ч хэлдэг байсан. Биднийг цөмийг нь дээд сургууль төгсгөж, сайхан амьдрах боломж олгосонд баярладаг. Эмнэлгийн хүн манай гэр бүл, хамаатан саданд надаас өөр байхгүй. “Заавал миний мэргэжлийг өвлө” гэж хүүхдүүддээ ч хэлдэггүй. Шөнө, өдөргүй мэс засалтай, гэр орондоо ч бараг үзэгддэггүй намайг хараад хүүхдүүд “Эмч болох хэцүү юм байна” гээд нэг нь ч энэ чиглэлээр сураагүй.

-Олон хүн таныг “Зүрхний Даваацэрэн” хэмээн авгайлдаг. Төрийн соёрхолт Ц.Бундан эмчийн шавь гэдгээр тань ч андахгүй. Зүрхний мэс засалч болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Анагаах ухааны дээд сургуулийг 1984 онд төгсөөд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр томилогдсон. Тухайн үед Ц.Бундан эмч Зүрх, судасны мэс заслын тасгийн эрхлэгч байлаа. Явахаасаа өмнө тус тасагт тав хоног дадлага хийх болсон юм. Гэтэл Ц.Бундан эмч “Чамайг тасагтаа авна. Чи зүрхний мэс засалч бол” гэлээ. Залуу ч байж, уухайн тас зөвшөөрчихлөө. Юун хөдөө явах, Анагаах ухааны хүрээлэнгийн Зүрх, судасны мэс заслын секторт эрдэм шинжилгээний ажилтан болгочихсон. Ц.Бундан багш минь л дэргэдээ авсан хэрэг. Хүрээлэнд гурван жил зүтгээд, тасагтаа тасралтгүй 31 жил ажиллаж байна даа.

-Зүрхний мэс заслын тасгийг байгуулж байхад тоног төхөөрөмж, хүний нөөц хомс, одоогийнх шиг байгаагүй байх.

-Намайг тасагт ажиллахаар ирэхэд зүрх, судасны мэс заслын салбарыг үүсгэн байгуулсан бурхан шиг эмч, багш нар байлаа. Ц.Бундан багшийнхаа удирдлагад олон шилдэг эмчтэй ажилласан минь намайг өдий зэрэгт хүргэсэн гэж бодож, талархдаг. Тухайн үед боловсон хүчнээ системтэй бэлддэг, баг бүрдүүлж ажилладаг байсан. Хэдий мундаг мэргэжилтэн байгаад тоног төхөөрөмж, эм, тариа хүрэлцэхгүй бол эмчилгээний үр дүн гарахгүй. Энэ салбарын 34 жилийн түүхийг мэдэх хүний хувьд манай эмч нар ээдрээтэй, төвөгтэй, хэцүү цаг үеийг туулж, өнөөдөртэй золгосон юм шүү. Маш хүнд нөхцөлд мэс засал хийдэг байлаа.

Тасгийг 1985 онд одоогийн Гуравдугаар эмнэлгийн байранд төвхнүүлсэн. Тоног төхөөрөмжгүйн зовлон мундахгүй. Зүрхний мэс заслыг нэг, хоёр биш, олон мэргэжлийн хүн багаараа хийдэг. Бусад мэс засалч нарыг амархан, хөнгөхөн ажилладаг гэж байгаа юм биш. Аль ч мэргэжлийнх хэцүү. Тэр дундаа зүрхний мэс засал үнэхээрийн хүнд, төвөгтэй ажил. Хувьсгалын он жилүүдэд бид цагаар бус, минутаар хэмжиж, хагалгаа хийдэг байлаа. Эмч нарын хэлээр хөргөлттэй нөхцөлд мэс засал хийдэг байсан үе. Өвчтөнөө унтуулчихаад мөсөөр битүү хучиж, биеийнх нь температурыг багасгана. Ингээд цээжний хөндийг нь нээж, зүрхэнд хүрснээс хойш тухайн мэс заслыг 10-15-хан минутад л хийх ёстой. Нэг секунд л алдвал өвчтөн амьдрах боломжгүйд хүрдэг.

Би ч шантарч, айгаад ерөнхий мэс засалч болъё, эсвэл нутаг руугаа явъя гэж шийдээд багшдаа энэ тухайгаа хэлсэн. “Юун зүрхний мэс засалч, цээжний хөндийг нээх ч хэмжээнд хүрээгүй” гэхэд багш намайг ихэд зэмлэсэн. Удалгүй “Тэгвэл чи Баян-Өлгий аймагт зургаан сар ажиллаад ир. Тэндхийн нөхцөл байдал ямархуу байгааг мэдээтэх” гэсэн. Их ухаантай, менежер хүн байсан даа. Одоо бодох нь ээ, миний айдсыг л дарах гэсэн хэрэг. Гурван сар ч хүргэлгүй дуудсан. Томилолтоор явж ирээд сэтгэл санаа арай дээрдсэн ч бас л түгшүүртэй. Гэсэн ч олон сайн хүнээр хүрээлүүлж, зүтгэсний хүчинд дөртэй болсон доо.

- Хүний биеийн температурыг мөсөөр хөргөж, хагалгаа хийнэ гэхээр сонин санагдлаа. Энэ нь ямар учиртай юм бол?

-Хүний биеийн температурыг аажмаар хөргөж, мэс засал хийсний дараа тархи болон бусад эрхтэн түргэн сэргэдэг. Зүрхийг зогсоож, хагалгаа хийж байгаа учир хөргүүрийн арга хэрэглэхгүй бол тархи, эд эрхтэн үхжиж, өвчтөн сэргэхгүй. Мөсөө зоориноос авчирч бэлтгэхээс эхлээд бидэнд ажил мундахгүй. Гэхдээ эмчилгээний үр дүн сайн байсан. Тухайн үеийн агшныг зөв ашиглаж, цээжний хөндийг нээгээд, зүрхээ гаргаж, зохих эмчилгээг хийж чадвал үр дүнтэй. Миний мэдэхээр эл аргыг 7-8 жил ашигласан. Одоо бол олон янзын аппараттай. Тухайн үеийнх шиг 10 минутад баригдаж, мэс засал хийдэггүй болсон. Адаглаад л сандарч тэвдэхгүй, айдас хүйдэсгүй эмчилгээ хийх боломжтой. Ялангуяа сүүлийн 10 жилд манай тасгийн ажиллах орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Мэс заслын дараа улаан хоолойгоор бичил ЭХО аппарат шургуулж, эмчилгээний үр дүнг хянаж байна. Өмнө нь бол хагалгааны дараа зүрх агшиж л байвал амжилттай болжээ л гэж боддог байв.

Орчин үеийн залууст суралцахаас өөрөөр санаа зовох зүйлгүй. Хэчнээн гадаад явлаа ч олон улсын том эмнэлгүүд биднээр хагалгаа хийлгэхгүй. Ерөнхий чиглэл л өгдөг. Ялангуяа зүрхний мэс заслын эмч цээжний хөндий нээж, хаах, том судаснуудыг оёх, цусны зохиомол эргэлтийн аппараттай холбох зэрэгт суралцахад хамгийн багадаа 10 жил шаардлагатай. Багадаа л 20 жил ажиллаж байж хүний зүрхэнд хүрэх эрхтэй болно гэсэн үг. Зүүгээ хэдэн градусын өнцөгтэй барихаас эхэлнэ дээ.

- Энэ бүхнээс халширсан хүн анхны хагалгаагаа хэрхэн давав?

- Багш нэг удаа дуудаад “Зүрхний хоёр хавтаст хавхлага нь нарийссан өвчтөнд мэс засал хийх боллоо. Сайн судалж, хагалгааныхаа техникийг уншиж, бэлдээрэй” гэлээ. Хэсэг хугацааны дараа намайг шалгаад, урьдын адил зааж, зөвлөв. Хагалгааны өрөөнд ортол өвчтөний зүрх нь зогсох гэж байгаа юм шиг жигтэйхэн дуу чимээтэй, цээж нь хөвсөлзөөд хэрэг алга. Айсандаа “Багш аа, би чадахгүй юм байна” гэчихлээ. Багш айхтар, тухайн өвчтөний биеийн байдал, онош, хагалгааны техник зэргийг тооцож л дээ. Хачин их уурлаад “Намайг байхгүй гэж бод. Энд хүн үхэх гэж байхад гараа хумхиад, юу ч хийхгүй суух уу. Одоо л биш бол хэзээ ч мэс засал хийж сурахгүй” гээд өрөөнөөс гараад явчихсан. Хамаг биеэс хар хөлс цутгаж, багшийн зааж, хэлснээр няхуур хийлээ. Мэс засал амжилттай болж, багш баяр хүргэснээр би гэдэг хүн маш том айдсаасаа салсан даа. Өнөөдрийг хүртэл үхэл, амьдралтай өчнөөн нүүр туллаа. “Даанч дээ” гэж бодсон үе ч бишгүй. Эмч нарын ур чадвараас гадна өвчний төрөл, хүнд, хөнгөн зэргээс шалтгаалж аврагдах, эсэх нь шийдэгддэг. Тиймээс бид сүүлийн 3-4 жил “хүний амаар” хагалгаа хийхээ больсон. Тухайн эмчилгээний стандарт, заалтын дагуу мэс засалд оруулна. Биеийн байдал нь хагалгаа даахгүй хэмжээнд муудсан хэр нь л “Гомдолгүй” гэсэн өргөдөл бичээд, уйлаад гуйх нь хэцүү.

- Зүрхний хагалгааг хүнд хийхээс өмнө амьтанд туршиж байсан гэж сонссон. Анхны хагалгааг ямар өвчтэй хүнд хийж байсан бэ?

- Зүрхний артерийн битүүрээгүй цоргыг оёх мэс заслыг анх хүүхдэд хийсэн. Хагалгаа амжилттай болж, одоо ч энх тунх амьдарч байгаа нь гайхамшиг. Энэ нь уушги, гол судас хоёрын хооронд байрладаг төрөлхийн гажиг юм. Манай эмч нар зүрхний болон цээжний хөндийн бусад мэс заслыг 1957 оноос хийж эхэлсэн түүх бий. Зүрхний мэс заслын тасаг байгуултал боловсон хүчнийг гадаадад сургаж, тоног төхөөрөмжөө зэхэж байсан гэдэг. Энэ цагаас эхлэн зүрхний нэг, хоёр хавтаст хавхлагын нарийслыг тэлэх, тосгуур хоорондын таславчийн цоорхойг нөхөж эхэлсэн.

Зүрхний мэс заслыг хүнд хийхээс өмнө нохойд туршсан. Зүрхний бүтэц нь хүнийхтэй төстэй болохоор. Намайг тасагтаа ирэхэд Нохойн лаборатори гэж тусдаа байлаа.

- Манай улс ардчилсан тогтолцоонд шилжихэд нийгэм даяар хямарцгаасан. Олон ч салбарт “цохилт” болсон. Зүрхний мэс заслын тасгийнханд энэ нь нөлөөлсөн үү, эсвэл өнөөдрийг хүртэл урсгалаараа хөгжүүлж ирэв үү?

- Энэ салбар хэзээ ч урсгалаараа хөгжиж ирээгүй. Тийм боломж ч байгаагүй. Хагалгааны дараа хүндрэл бэрхшээл их гарна. Өвчтөнөө олон хоногоор сахиж, хөл дээр нь босгоно. Ямар сайндаа хүүхдүүд “Аав гэрийн бараа хардаггүй, эмч болохгүй” гэх вэ дээ. Хүн эмчилдэг салбарт нийгмийн шилжилт тэгтлээ нөлөөлдөггүй. Дайн тулаан болж байсан ч тангараг өргөсөн эмч урдах ажлаа л хийнэ. Гэхдээ эм, тарианы хангамж, хүний нөөцийн хомсдолд орсон. Чадвартай хүмүүсийн зарим нь мэргэжлээ орхиж, ганзагын наймаанд хүртэл явсан. Зүрхний мэс заслын салбарын хүний нөөцийг маш сайн бэлдсэн тулдаа өдий 50 жил болоход эмчилгээ, үйлчилгээгээ нэг ч өдөр таслаагүй юм даг.

- Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс засалч нар 2020 он гэхэд зүрхний бүх төрлийн гажиг, эмгэгийг эх орондоо эмчилнэ гэж зорьсон. Энэ зорилтоо биелүүлж чадах уу?

- Зүрхний олон төрлийн өвчин, эмгэг бий. Бид эмчилгээгээ улам олшруулж, хүнд хэлбэрийн хагалгаанууд хийж байна. Дараагийн 10 жилд эх орондоо зүрх шилжүүлэн суулгах зорилт тавьсан. Манайд хийдэг зүрхний олон төрлийн мэс засал дэлхийн түвшнийх. Энэ онд гэхэд гадаадад эмчлүүлэх заалттай хоёр төрлийн өвчнийг эмчилдэг боллоо. Титэм судас нарийссанаас шалтгаалж зүрхний булчингууд нь үхжиж, хавхлагууд нь ажиллахаа больсон хоёр хүнд мэс засал хийсэн нь амжилттай болсон. Хоёулангийнх нь биеийн байдал маш хүнд, зүрхийг нь зохиомлоор ажиллуулж байсан. Түүнчлэн гол судасны хавхлагын өөрчлөлтөөс болоод булчингууд нь тасарч, зүрх нь цусаа шахаж чадахгүйд хүрсэн 60 гаруй насны эмэгтэйд мэс засал хийсэн. Бүгдийнх нь эмчилгээ үр дүнтэй болж, эмнэлгээс гарлаа.

Өмнө нь иргэд зүрхний 10 гаруй төрлийн эмгэг, гажгийн шалтгаанаар гадаад явдаг байсан бол одоо дөрвөн өвчнийг л эх орондоо эмчилж чадахгүй байна. Эхнийх нь, зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн хавсарсан гажиг, хоёрдугаарт, зүрхний булчингийн агших чадвар нь буурсан, олон хавхлагын гажигтай хүмүүс гадаадад эмчлүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, гол судасны угийн болон өгсөх хэсэгт цүлхэн үүссэн тохиолдолд, дөрөвдүгээрт, хэвлийн болон гол судаснуудад олон тооны цүлхэн үүссэн бол Монголд эмчлэх боломжгүй.

Өдгөө манай тасаг 40 ортой. Нарийн мэргэжлийн 10 эмч улсын хэмжээнд зүрхний төрөлхийн болон олдмол гажиг, судасны зэрэг 70 орчим төрлийн мэс засал хийж байна. Жилдээ зөвхөн зүрхний 800-гаад мэс засал хийдэг. Үүний 200 гаруй нь нээлттэй мэс засалд ордог. Бидний брэнд болсон, нутагшуулсан, мэс засал ч олон. Дээр дурдсанчлан зүрх шилжүүлэн суулгах сууриа бид бэлдэж байна. 2020 онд зүрхний бүх төрлийн эмгэг, гажгийг эмчлэх боломж хараахан бүрдэхгүй ч дөрөв болтол цөөлсөн нь том амжилт.

-Таны хэлсэнчлэн зүрх шилжүүлэн суулгах хүртэл энэ салбарыг хөгжүүлэхэд төр, засгаас ямар дэмжлэг шаардлагатай вэ?

-Хөрөнгө санхүүгүйн улмаас дутагдаж, гачигдах зүйл мундахгүй. Хөгжилтэй болон хөгжиж буй орнууд жилд эрүүл мэндийн салбартаа улсынхаа нийт төсвийн хамгийн багадаа зургаан хувийг зарцуулдаг. Манайд энэ нь гурван хувьд ч хүрэхгүй. Гэхдээ бид төр, засгаас юм горьдож, нэхэх биш, ур чадвараа нэгдүгээрт дээшлүүлэхийг зорьсон, чадсан. Гадаад харилцаагаа хангалттай хэмжээнд хөгжүүллээ. АНУ, Нидерланд, БНХАУ, БНСУ-ын зүрхний мэс засалч нартай хамтран ажилладаг. Гэвч хуваарилсан төсөв нь хүрэлцэхгүйгээс эм, тариа дутагддаг. Тухайлбал, нярайн амьсгал болон уушги, зүрх орлуулдаг аппарат бидэнд нэн хэрэгтэй. Зүүн ховдол орлогч төхөөрөмж, зүрхний булчингийн суулгац, стентүүд шаардлагатай. Хэрвээ энэ бүхнийг шийдчихвэл дээр дурдсан зүрхний дөрвөн төрлийн эмгэгийг эх орондоо эмчлэх боломжтой. Манай эмч нар хийж чадахгүйдээ биш, тоног төхөөрөмжгүй, гар мухар байна. Адаглаад уушгины даралт бууруулж, титэм судсыг өргөсөх үйлчилгээтэй эмийг улсын эмийн бүртгэлд оруулаагүй байх жишээтэй.