МОН/006” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас УГТЭ-ийн Зүрх судасны төв дээр хэрэгжүүлж буй “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОN/006” төслийн ээлжит Удирдах хорооны хурал зохион байгуулагдлаа.
Монгол улсын ерөнхий сайд 2001 онд Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурагдаж, Монгол улс дахь зүрх судасны өвчний тусламж үйлчилгээг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол улсын Эрүүл мэндийн салбарт анхны MON/003 төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш MON/005, MON/006 төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлээд 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй билээ.


Төслийн Удирдах хорооны хуралд төслийн хорооны дарга Эрүүл мэндийн дэд сайд хатагтай Л.Бямбасүрэн, дэд дарга Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад хэргийн яамны төслийг хариуцсан мэргэжилтэн хатагтай Аника Брук, Люксембургийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлагийн Монголыг хариуцсан мэргэжилтэн, Монгол улсын Эрүүл мэндийн яам, Сангийн яамны төлөөлөл, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагууд гишүүдээр оролцож, 2018-2019 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 сар хүртэл хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг хэлэлцэж баталлаа. Мөн удирдах хорооны хурлын үеэр УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир Люксембургийн Их Гүнт улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн 1.5 сая евро буюу 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж буй “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын зураг төслийн бүтээн байгуулалтын үйл явцын талаар танилцуулга мэдээлэл хийж, удирдах хороон дарга болон ЭМЯ, Сангийн Яамны хөрөнгө оруулалтын холбогдох мэргэжилтнүүд Зүрх судасны төвийн хөрөнгө босголтын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явцаас мэдээлэл хийлээ.