ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ОРОЛЦЛОО

Шинэчлэлийн Засгийн Газраас авч хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг олон нийтэд таниулж суртачлах Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр 2014 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулагдлаа.

ЭМЯ-наас зохион байгуулсан дээрх “Нээлттэй хаалганы өдөр”-т П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Эрүүл мэндийн салбарын суурь болон эрчимтэй шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн удирдлага зохион байгуулалтын шинэлэг менежмент, өөрчлөлт, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон оношилгоо эмчилгээнд шинээр нутагшуулсан технологи, төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын хандив тусламжаар хийгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, тус эмнэлэгт хэрэгжиж буй сэтгэлд шингэсэн үйлчилгээ болоод хүлээгдэл чирэгдлийг бууруулах менежментийн талаар олон нийтэд таниулга, сурталчилгааг хийлээ.

Мөн тус эмнэлгийн лавлагаа тусламж үйлчилгээ болох Зүрх судас, мэдрэлийн чиглэл, нүд, чих хамар хоолой, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийгдэж, зүрхний ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, тархины судасны доплерграфийн шинжилгээ, хэвлийн ЭХО, нүдний уг харах, хараа шалгах, цусан дахь сахар тодорхойлох, артерийн даралт, биеийн өндөр, жин үзэх, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө зэрэг тусламж үйлчилгээг давхардсан тоогоор нийт 2139 үйлчлүүлэгчид үзүүлсэн байна. Хоёр өдрийн хугацаанд 114 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч эмнэлэгийн ажилчдын баг ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж зөвлөгөө өгсөн бол телевиз, сонин мэдээллийн сайт зэрэг нийтдээ 13 олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрсдийн үйл ажиллагааг сурталчиллаа.