ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагч нарт зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгууллаа.


Тус арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болохуйц дадал олгох, амьдралын зөв хэв маягт сургах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зүйг хэвшүүлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох, тэдний гэр бүл, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох, идэвхтэй амьдралын дадалд сургах зорилгоор 6 чиглэлийн өртөөчилсөн хэлбэрээр зохион явуулж, нийт 200 гаруй хүүхэд, асран хамгаалагч нар болон тус төвийн эмч, багш, ажилчдыг хамрууллаа.

Дараах байдлаар сургалтыг сонирхолтой хэлбэрээр явуулсан. Үүнд:

  • “Ногоон алим” буюу 1-р өртөөнд: Эрүүл мэндийн боловсрол олгох чиглэл бүхий хүүхэд, асран хамгаалагч, тус төвийн эмч, багш, ажилчдад“Амны хөндийн эрүүл ахуй”, ”Хүүхдийн хоолны шим тэжээл” зэрэг сэдвүүдээр сургалт мэдээллийг;
  • “Улаан алим” буюу 2-р өртөөнд: “Гар угаалтын зөв техник”-ийг эзэмшүүлэх сургалт, дадлага сургалт мэдээллийг;
  • “Цэнхэр алим” буюу 3-р өртөөнд: Хүүхдийн хоолны үзэсгэлэн гаргаж, хүүхдэд зориулсан эрүүл зөв хооллолтын талаар сургалт, мэдээлэл зөвөлгөөг;
  • “Шар алим” буюу 4-р өртөөнд: Эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнуудад цусны даралтын эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийж, даралт ихсэлттэй 32 хүнд даралтаа хянах өврийн дэвтэр өгч хэрхэн зөв хөтлөх, даралтаа хэмжих талаар болон харьяа дүүргийн эмчийн хяналтанд орох зөвөлгөөг;
  • “Улаан хүрэн алим” буюу 5-р өртөөнд: Захын судсанд глюкоз үзэх шинжилгээг 40 хүнд , холестрин 43 хүнд, ясны сийрэгжилт 71 хүнд тодорхойлон нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, зөвлөмжийг;
  • “Цайвар цэнхэр алим” буюу 6-р өртөөнд: Эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн багш нар “Нийгмийн халамжийн хууль”-ийн сургалтыг тус тус зохион байгуулан ажиллалаа.