УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 оны 04 сарын 14-нд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн Хүүхдийн зүрхний мэс заслын профессор Ким Вун Хан тэргүүтэй “JWLee Center of Global Medicine” болон БНСУ-д төвтэй “Рафаэл Интернэйшнл” Төрийн Бус Байгууллагуудтай “Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын чадавхыг хөгжүүлэх” чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 07-оос 11-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Профессор Ким Вун Хан-аар ахлуулсан зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын болон “JWLee Center of Global Medicine” байгууллагын судалгааны хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тус эмнэлгийн зүрхний мэс заслын багтай 5 хоног хамтарч ажиллалаа.
Хоёр эмнэлгийн хамтарсан баг ажиллах хугацаандаа 01 сартайгаас 32 насны нийт 60 хүнд үзлэг оношилгоо хийж, мэс заслын хамтарсан багийн зөвөлгөөнөөр зүрхний төрөлхийн хүнд гажгийн улмаас амь насны заалттай, хойшлуулашгүй нөхцөл байдалтай байсан 01 сараас 10 насны 7 хүүхдэд зүрхний төрөлхийн гажиг засах мэс засал эмчилгээг үнэ төлбөргүйгээр амжилттай хийж гүйцэтгэсэн ба хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт үргэлжлүүлэн хянагдаж байна.
“JWLee Center of Global Medicine” байгууллагын судалгааны багаас 2008-2018 оны хугацаанд хамтарсан багийн хагалгаанд орсон хүүхдүүдийн ар гэрийхэнтэй утсаар холбогдож тандалт судалгаа хийлээ.