УГТЭ-Т УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СУУРИЛАГДСАН СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГРАФИЙН АППАРАТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тархи нугас, багана нуруу, тархи зүрх судасны тогтолцооны оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Multiva 1.5T загварын Соронзон Резонанст Томографийн аппаратыг суурилуулан хүлээн авсан бөгөөд өнөөдөр үйл ажиллагааг нь албан ёсоор нээж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд тархи, мэдрэлийн мэс засал, тархины харвалт, зүрх судасны мэс засал, зүрхний шигдээсийн чиглэлээр олон улсын түвшинд хүрсэн лавлагаа тусламж үйлчилгээг нас хүйс, харьяалал харгалзахгүйгээр ард иргэддээ чанартайгаар үзүүлж байгаа билээ.
Тус эмнэлгийн хувьд саяханыг хүртэл Соронзон Резонанст Томографийн аппаратгүйн улмаас тусламж үйлчилгээний чирэгдэл нилээдгүй байсан бол орчин үеийн өндөр хүчин чадалтай энэхүү аппарат суурилагдсанаар тусламж үйлчилгээний чирэгдэл багасах, тархины нугасны хавдар, нуруу нугаламын эмгэг өөрчлөлтүүд, тархины харвалт, зүрхний төрөл бүрийн эмгэгийн шалтгаанаар ирж байгаа хүмүүст оношилгоо эмчилгээний чиглэлээр шаардлагатай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Тус эмнэлэгт суурилуулсан Соронзон Резонанст Томографийн аппарат нь соронзон орон ашиглан хүний биеийн эд эрхтний дотоод бүтцийг 3 хэмжээст орон зайд өндөр ялгаралтайгаар дүрслэн үзүүлдэг бөгөөд хүний биед огт хоргүй, зовиур өвдөлтгүй, туяаны ачаалалгүйгээр эдийн өөрчлөлтийг маш нарийн оношилдог онцлогтой шинжилгээний арга юм. Улсын хэмжээнд цөөн тооны эмнэлгүүдэд суурилагдсан.
Энэхүү аппарат тус эмнэлэгт суурилагдсанаар тархины эдийн оношилгоонд тархины цусан хангамж багассан талбайг илрүүлж тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх, тархины төрөл бүрийн хавдар, тархины дайвар хөндийнүүдийг нарийн харж, идээ, буглаа, голомтот өөрчлөлтийг төвөггүй илрүүлэх, мөн нэн ялангуяа нурууны үе завсарын дискний ивэрхий, дегенератив өөрчлөлтийг илрүүлэх, нугалам хоорондын үе, түүний жийргэвч, мөчдийн зөөлөн эд, нурууны нугасны мэдрэлийн эдийн бүтцийг үнэлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн зүрх судасны тогтолцоонд зүрхний агших, сулрах фазыг үйл ажиллагаанд нь үнэлж хавхлагуудын бүтцийн өөрчлөлт, гол судас, уушгины артерийн нарийсал, төрөлхийн гажиг, эмболизм, титэм судасны атеросклероз зэргийг нарийн харж илрүүлж шинжлэх боломж бүрдэх юм.
Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай орчин үеийн MRI буюу Соронзон резонанст томографийн энэхүү аппаратыг Монгол улсын Засгийн газраас улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурилуулж өнөөдөр албан ёсоор нээж ашиглалтанд оруулж байна.