“ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨС ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхий нийтээрээ жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэж, зорилтот үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд 2019 онд “Чихрийн шижин өвчнөөс гэр бүлээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Өнгөрсөн 2018 оны байдлаар Дэлхийн хэмжээнд нийт 125 сая хүн чихрийн шижингээр өвдсөн үзүүлэлт гарсан ба түүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж хоёр буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр бүртгэгдсэн байна.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хамт олон тус өдрийг тохиолдуулан чихрийн шижин өвчний талаархи мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, чихрийн шижинтэй хүний эмчилгээ, зөв хооллолт, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, гэр бүлээ чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт нийт 250 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилчид оролцсон бөгөөд чихрийн шижингийн талаарх сургалтыг зохион байгуулж, чихрийн шижин өвчний эрсдэлийн үнэлгээг тодорхойлон мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгч, өөх тос, дотор, гадар өөх, булчингийн масс, ясны сийрэгжилт тодорхойлон, чихрийн шижинтэй өвчтөнд зориулсан 49 нэр төрлийн 7 иж бүрдэл эмчилгээний хоолны үзэсгэлэн гаргаж, тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн гарын авлага бэлтгэн иргэд, үйлчлүүлэгчдэд тараалаа.