“ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЭМЧ БИД МАНЛАЙЛНА”

УГТЭ-ийн хамт олон жил бүрийн 3 дугаар сарын 30-ны “Эмч нарын өдөр”-ийг угтан 3 дугаар сарыг “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн 3 дугаар сарыг “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЭМЧ БИД МАНЛАЙЛНА” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. 


Тус аяны хүрээнд 2021 оны 3 сарын 16-ны өдөр “Удирдлагын баг мэргэжлийн эмчийн үйл ажиллагаанд” зорилтот ажлыг зохион байгуулж, тус Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Наранцэцэг нар өөрийн мэргэжлийн чиглэлийн дагуу ачаалалтай байгаа тасгуудад ажлын ачааллыг хуваалцах зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. 


Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир амбулаторийн тасгийн Уушги судлалын кабинетад 09.30-11.30 цагийн хооронд товлолт цагийн хуваарийн дагуу үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, оношилгоо хийж шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгч ажилласан. Мөн Уушги судлалын тасгийн эмч нарын хамтарсан үзлэгт оролцож хүнд эмчлүүлэгчдийн эмчилгээ, оношилгоонд зөвлөгөө өгч, ЭХО оношилгооны хяналттайгаар цээжний хөндийд хатгалт хийж үрэвслийн шингэн авах ажилбар хийж, эмчилгээнд зөвлөгөө өглөө. Мөн Дурангийн оношилгоо эмчилгээний тасагт уушгины эмгэгтэй өвчтөнд уушги дурандаж БАЛ-ын шинжилгээ авах ажилбарыг хийж зөвлөгөө өгч ажиллалаа. 


Харин Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Наранцэцэг Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт эмч нарын хамтарсан тойрон үзлэгийг удирдан явуулж, эмч, резидентүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө чиглэл өгч дүгнэлт ярилцлага зохион байгуулж мөн эмчлүүлэгчдэд зөвлөгөө өгч ажиллалаа. 

Эмч мэргэжилтний нэрэмжит сарын аяны хүрээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эмч мэргэжилтний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйг дэмжих, ажлын сахилга, хариуцлага, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулж, бүтээлч сэтгэлгээг дэмжин ажиллах багаар хамтран үр дүнтэй ажиллах үйл ажиллагааг идэвхжүүлэн эмнэлгийн удирдлагууд манлайлал үзүүлэн ажиллаж байна.